Барловорлд Монголиа ХХК болон Гүүд Нэйборс ОУТББ-ын хамтран хэрэгжүүлдэг "Эрхэм Нандин" төслийн энэ хичээлийн жилийн хэрэгжилт, үр дүнгийн тайлант хурал 2025 оны тавдугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллага, мэргэжилтнүүд “Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролд сургууль, багш, гэр бүлийн оролцоо, мөн уг асуудлаарх үнэн зөв, хүртээмжтэй мэдлэг мэдээллийг олгох нь” сэдэв дор өсвөр үеийнхэнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал болон бодлого, шийдлийн талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцсан юм.
Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол дутуу дулимаг байдгийг салбарын мэргэжилтнүүд статистик тоо мэдээгээр онцолсноор эхэлсэн уг хэлэлцүүлэг сайжруулах шийдэл оролцоо, төлөвлөгөөгөө ярилцсанаар өндөрлөв. 2023 оноос хойш хэрэгжиж буй "Эрхэм Нандин" төсөл өдгөө 7 сургуулийн олон мянган сурагчдад ашгаа өгөөд буй эерэг үр дүнгээ танилцуулсан.
Төслийг санаачлагч мөн санхүүжүүлэгч Барловорлд Монголиа ХХК-г уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг, тэр дундаа дэлхийд тэргүүлэгч Caterpillar компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч гэдгээр нь бид мэднэ. Тэгвэл Барловорлд Монголиа компани нь дотроо Нийгмийн Хөрөнгө Оруулалтын Хороотой бөгөөд компанийн ажилтнууд сайн дураар нэгдэн нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг.
Жишээлбэл, тус хорооны онцлох хөгжлийн төслүүдийн нэг болох 2018 онд Улаан чулуут орчимд ажиллаж амьдардаг тогтсон ажил мэргэжилгүй иргэдийг сурган, тогтмол ажлын байртай болгох зорилготой “Боломж” төслийг санаачлан 2 жилийн туршид амжилттай хэрэгжүүлсэн. Улаан Чулуут орчимд ажилладаг ихэнх иргэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй төдийгүй зарим тохиолдолд дунд сургууль дүүргээгүй байдаг. Тэднийг ур чадвартай, ажилтай, тогтмол орлоготой болоход тусалснаар ард нь буй олон хүний амьдрал ахуй дээшилж ирээдүйдээ итгэлтэй болж чадсан нь сэтгэл хөдөлгөм.
Уг төслөөс хойших дараагийн том төсөл нь энэхүү “Эрхэм Нандин” төсөл буй. 2023 онд Барловорлд компанийн Нийгмийн Хөрөнгө Оруулалтын Хорооны гишүүд өсвөр насны охид сарын тэмдгийн талаар зөв ойлголтгүй, яаралтай үед сургууль дээрээ ариун цэврийн хэрэглэлийн бэлтгэлгүй байх, үе тэнгийнхэн болон томчуудтай энэ сэдвээр ярилцахаас ичиж санаа зовох зэрэг асуудлуудтай нүүр тулж байгааг анзаарч энэ чиглэлийн төсөлд хөрөнгө оруулахаар шийдсэн аж.
Мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас үүдэн яаралтай нөхцөлд бэлтгэлгүй байх, түүнээс үүдэн хичээлээ таслах, цаашлаад хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар авах зэрэг эрсдэлүүд үүсэх нь зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий даяар шийдэхээр хичээж буй чухал асуудал мөн.
Монгол улсын хувьд нийт хүн амын 18 хувийг өсвөр насныхан эзэлдэг бөгөөд 10-19 насны 318,579 гаруй охид байдаг. Нийт бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлуудын 7,4%-ийг 15-19 насны охид эзэлсэн бөгөөд энэ насны идэвхтэй бэлгийн харьцаанд ордог охидын 3,2% нь үр хөндөлт хийлгэсэн статистик байдаг. Мөн 40% нь сарын тэмдэг ирэх үед хичээлээ тасалдаг байна. Уг төсөл нь энэ цаг үед нэн хэрэгцээтэй байсан нь энэхүү тоо статистикаас харагдаж байна.
Төслийн хүрээнд Барловорлд Монголиа ХХК нь эхний шатанд сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийн автомат машин тавих төлөвлөгөөтэй байсан бөгөөд яг энэ үед Гүүд Нейборс ОУТББ өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд энэхүү хоёр байгууллагын зорилго, тэмүүлэл нэгдсэнээр уг төсөл эхэлсэн түүхтэй аж.
Мөн төсөлд шаардлагатай гол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгохдоо зөвхөн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэлийг мөн дэмжих зорилготойгоор хамтран ажилласан онцлогтой. Үүнд ариун цэврийн автомат машины нийлүүлэгч Бийлог Тех старт-ап, ариун цэврийн хэрэглэлийн Хатад, даавуун буюу угаадаг ариун цэврийн хэрэглэлийн Дусал зэрэг брэндүүд багтана.
Төслийн ажлын хүрээнд энэ хичээлийн жилд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 72, 155, 104-р сургуулиуд болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р сургууль, Ханбогд сумын 2-р сургууль, Баянхонгор аймгийн аймгийн Эрдэм сургуулиудтай хамтран ажиллажээ. Сургууль бүрд эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багшаас бүрдсэн зөвлөх баг байгуулж, цаашлаад үе тэнгийн хүүхдүүд бие биеэсээ мэдэж суралцах боломжийг бүрдүүлэхээр өсвөрийн клубүүдийг байгуулж нийт 75 сургагч багш нарыг бэлтгэсэн үр дүнтэй ажлуудыг төлөвлөн хийжээ.
Хэрэгжүүлж буй ажлууд нь өнгөцхөн харахад онол, практик хослуулсан нөлөөллийн ажлууд мэт боловч угтаа өсвөр насны сурагчдад өөрийгөө үнэ цэнтэй, “эрхэм нандин” гэдгээ мэдэрч хайрлах дадлыг суулгах утга учиртай зорилготой. Тиймдээ ч сурагч бүрд бодол сэтгэлээ хуваалцахын сацуу мэдлэгээ дээшлүүлэх боломжтой “Чи бол Эрхэм Нандин” гарын авлагыг тараажээ.
Нэг хүнд очсон мэдээлэл цаашаа хоёр, гурван хүнд хүрэх боломжтой байдаг нь нөлөөллийн ажлын хамгийн том давуу тал. Тэгвэл 5 сургуульд 13,000 хүнд эерэг нөлөөгөө үзүүлсэн энэхүү төслийн 2024-2025 оны хичээлийн жилийн зарим үр дүнтэй танилцъя.
Ханбогд сумын 2-р сургуулийн 10-р ангийн сурагч “8,9-р ангийн хүүхдүүд энэ сэдвийн талаар их ичимхий бүрэг, дотогшоогоо байсан бол сургалтын дараа нэгний шоолж инээлгүй нээлттэй ярилцаж чаддаг болсныг хараад их баярласан. Бидний хийсэн ажил үр дүнгээ өгсөн юм байна гэж бодсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сургуулийн нийгмийн ажилтан, захирал, багш нар уг төсөл өсвөр насныхны мэдлэгийг дээшлүүлж энэ сэдвээр илүү нээлттэй, зоригтой ярьдаг болоход маш өгөөжтэй байсныг онцолж бие даан дотооддоо нэмэлтээр сургалт, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлснээ онцолж байв. Түүнчлэн уг төслийн хүрээнд зөвхөн мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй олгоод зогсохгүй, багш нарын заах арга зүйл шинэ санаануудыг өгсөн, цаашлаад өсвөр насны охид, хөвгүүдийн хоорондын харилцааг илүү эерэг, зөв болгосон хэмээн багш, сурагчид онцолж байлаа.
Өсвөр насны хүүхэд бүр нөхцөлгүй хайрлагдаж, байгаагаараа үнэ цэнтэй, эрхэм гэдгээ мэдэрч байх нь чухал. Бид бүгд нэгэн цагт өсвөр насыг туулсан, одоо зарим нь хүүхдүүдээ энэ үеийг туулахад нь хөтлөөд явж буй.
Хэдийгээр сургууль, багш сурган хүмүүжүүлэгч нар мэдлэгийн суурийг цутгадаг ч хүүхэд ээж аавтайгаа зүрх сэтгэлээсээ ярилцаж зөвлөлдөхтэй зүйрлэшгүй. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ санааг нь зовоож буй асуудлуудыг ярих, асуулт асуух, өөрийгөө илэрхийлэх чөлөөтэй харилцааг үүсгэснээр амьдралд тулгарах давааг өөртөө итгэлтэйгээр давахад нь тусалдаг. Тиймээс “Эрхэм Нандин” төслийн зохион байгуулагчид болон оролцогчид та бүхнийг ч энэхүү чухал мессежийг түгээхэд уриалж буй.
2024-2025 оны хичээлийн жилийн хэрэгжилтээ дүгнэж буй “Эрхэм Нандин” төсөл нь цаашид илүү олон Ерөнхий Боловсролын Сургуулиуд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагчидтай хамтран ажиллаж олон талт оролцоог дэмжин үнэн зөв, хүртээмжтэй мэдлэг мэдээллийг түгээхээр зорьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!