Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр ашигласан хиймэл зүлэг борооноор халтиргаа, гулгаа их байсан талаар гомдол бөхчүүдээс их ирсэн. Нэр бүхий цөөн бөхчүүд халтирч унасны улмаас бэртсэн асуудал ч гарсан юм.
Тэгвэл өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сайжруулсан зүлгэн дээр хиймэл бороо оруулж бөхчүүдийг барилдуулан туршлаа.
Туршилтыг Монгол Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав, "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ны Гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан болон бусад албаныхан, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Эрдэнэхүү, Э.Батмагнай, аймгийн хурц арслан М.Еркебулан нарын зэрэг бөхчүүд оролцож, санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Шинэ зүлгийн талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Төв цэнгэлдэхэд шинээр дэвссэн хиймэл зүлгийг өмнө нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойд зориулж, тус сумын цэнгэлдэхэд тавьсан. Тэр наадмаар бас бороо орсон. Монгол Улсад ашиглаж байгаа хиймэл зүлгийн хамгийн сайн чанарын стандарт хангасан зүлэг гэж ойлгож байна.
Төв цэнгэлдэхийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сард байгалийн зүлэг тарих асуудлыг судалж байгаа гэсэн хариу өгч байв. Гэхдээ Төв цэнгэлдэхэд дан ганц бөхчүүд барилдахгүй. Байгалийн зүлэг халтирдаггүй гэж ойлгож болохгүй. Мөн наадмын бэлтгэл арга хэмжээ болно. Зөвхөн нээлтийн арга хэмжээний үеэр морь давхиж орж ирээд гараад явчихдаг юм биш. Тэд бэлтгэлээ хийнэ. Тэр бүрд байгалийн зүлэг гэмтэж, өнгө үзэмжээ алдана гээд асуудал их бий" гэв.
Зохион байгуулагчид наадмын шинэ зүлгийг солиход нийт ₮1.3 тэрбум зарцуулсныг онцолсон. Түүнчлэн хар резиний оронд элдэв үнэргүй, зориулалтын ногоон дүүргэгчийг хиймэл зүлэгт ашигласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!