Уншиж байна ...
Зураг
Зураг

“Хархорум” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлдөж байна

ikon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
зураг
 

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан 6-р сарын 27-оос 7-р сарын 2-ны өдрүүдэд 2 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулна.

✅ Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой.

✅ “Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын шилдэг уран бүтээлээр нээх ба наадам нь:

🔸 Уралдаант хэсэг
🔸 Уралдаант бус хэсэг
🔸 Чадавхжуулалтын хөтөлбөр
🔸 Кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

✅ Түүнчлэн наадмын үеэр 8 улсын 23 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт 7 орны 13 кино өрсөлдөж байна. Үүнд: Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтаж буй билээ.

📌 Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр,  Мариа Разакамболи , С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше  (Оскарын шагналт), Кино куратор Николай Никитин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ С.Болд-Эрдэнэ, кино шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллана.

Мөн олон улсын зочдоор найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер, зуучлагч Тиен А Фам, продюсер Микеланджело Масанкай, продюсер, зуучлагч Сьюзан Тран, продюсер Фредерик Брэндс, найруулагч Никита Листопад, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх билээ.

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу 06-р сарын 27-оос 07-р сарын 02-ны өдрүүдэд нийт 8 улсын 23 киноны 45 удаагийн кино үзвэрийг Шангри-Ла "Өргөө IMAX" кино театрт толилуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл, кино үзвэрийн тасалбар авах, сургалт, мастер класс, хэлэлцүүлэгт үнэ төлбөргүй бүртгүүлээрэй: kharkhorum-iff.com/registration/forum

Mongolian National Film Council
Film Bridge Development Association

#kharkhorumiff #kiff