УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар С.Ганбаатар гишүүн өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулан "АТГ-ын ажилчид У.Хүрэлсүхийн даалгавраар С.Ганбаатарын авгай, хүүхдийг айлгахаар ирлээ.
Баянзүрх дүүргийн гэр хороололд миний дүүгийн хүлэмжтэй байшин байдаг. АТГ энд ирчихсэн шалгалт хийх гэж байна. Шалтгаан нь би уран ярьсан байж магадгүй. У.Хүрэлсүх маань Францад очиж ураныг новшруулсан. Тэрийг нь би хэлсэн.
Та нар том хулгайч нартайгаа тэмц. УИХ-ын гишүүний дархан эрхэд битгий халдаарай АТГ-ынхан. Би шударгаар явж байгаа улс төрч. У.Хүрэлсүхэд би хэлсэн, чи хэдэн сар намайг мөрдөж шалгаж байгаа гэсэн. Юу ч олж долоохгүй, лиценз үү, архины үйлдвэр уу, нүүрсний машин уу. У.Хүрэлсүх ээ, Монголын хууль хяналтынхныг Энканто саунаас удирдахаа зогсоо гэж би хэлсэн нь үнэн" хэмээн ярьжээ.
Тус асуудлыг АТГ-аас тодруулахад "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны албан тушаалтнууд холбоонд бүртгэлтэй газрыг бусдад шилжүүлсэн, худалдсан, үүний хариуд аж ахуйн нэгжүүдээс хөнгөлөлттэй үнээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх хэрэг шалгагдаж байсан.
Энэ хүрээнд МҮЭХ-ны ажилтнуудын эзэмшлийн газарт шалгалт явуулж байх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүрч ирээд лайв хийсэн. Улсын бүртгэлийн мэдээллийг шүүж үзэхэд С.Ганбаатар гишүүн тэр газарт амьдардаггүй нь үнэн байна. АТГ-ын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр, хүүхдийг айлгасан зүйл байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!