Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Амгаланбаатар: УИХ-ын гишүүний тоог 100-д багтаах асуудлаар ард нийтийн санал асуулгыг санаачилна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан 20 минутын хот Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт үнэлгээний Үндэсний хороодыг татан буулгах асуудал үүнд багтаж буй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гишүүдийн тоог цөөлөх тухай асуудлыг хөнджээ.

Тэрбээр “Даргын тоо хэрээс хэтэрсэн юм билээ.

Одоогоос долоон сарын өмнө 68 гишүүний хамтаар Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гэдэг албан бичгийн Ерөнхий сайдад өгч байсан. Хуулиараа Засгийн газар өргөн барих ёстой юм билээ. Харамсалтай нь хав дараад өнгөрсөн.

Улаанбаатарт Засгийн газар, яамд, том аж ахуйн нэгжүүд улам томроод байдаг. Гэтэл орон нутагт ажил явах ямар ч аргагүй болсон. Тиймээс орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг төрийн албанд орох замыг нээж өгмөөр байна. Хэмнэлтийн хууль нэрээр анхан шатны нэгж дээрх ажлыг гацаагаад дээрээ л томроод байна. Дүүргийн иргэдийн хурал нь Засаг даргын тамгын газраасаа том бүтэцтэй болчихсон байдаг юм байна. Гэтэл сумын иргэдийн хурал нь хоёрхон хүнтэй үйл ажиллагаа явуулж байдаг.

Би УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах асуудлаар ард нийтийн санал асуулгыг санаачилна. Үүнийг та бүхэн дэмжээрэй" гэсэн байна.