Д.Сүхбаатарын талбай ойрын өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгөөр амьсгалж буй. Эмэгтэйчүүдийн чалленжер, эрчүүдийн Их Дуулга тэмцээний дараа энэ жилийн хамгийн том тэмцээн болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) нээлтээ хийлээ.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хүч сорих тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн "B", "D" болон эмэгтэйчүүдийн "A", "C" хэсгийн эхний хоёр тоглолт болсон юм.
Манай улсын эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегротой өрсөлдөж байна. Манай залуус эхлээд АНУ-ын багтай хүч үзэж, 18:21-ээр дийлдсэн бол дараагийн тоглолтод Латвид 16:21-ээр ялагдлаа.
Эх орондоо болж байгаа ДАШТ-д хасагдах шатанд өрсөлдөхийн тулд хэсгийн сүүлийн хоёр тоглолтод хожих шаардлагатай болов. Тэд маргааш буюу энэ сарын 25-нд Монтенегро (18:00 цаг), Япон (20:15 цаг)-той өрсөлдөнө.
Харин эмэгтэй шигшээ баг "D" хэсэгт Испани, Герман, Украин, Бразилын багтай оноолт таарсан билээ. Дэлхийд чансаагаар 12 бичигдэж буй манай эмэгтэй тамирчид өнөөдөр эхний тоглолтоо хийх юм.
Тодруулбал эхний тоглолтоо Бразил (18:25 цаг)-тай хийх бол үргэлжлүүлээд Испани (20:15 цаг)-тай тоглох хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!