УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний хороодыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Алдаржавхлан гишүүн Засгийн газар дэд сайдтай байх эсэхийг Ерөнхий сайдаас тодрууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо, төсөвтэйгөө байсан. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллуулаад 1,000-2,000 хүний ажлыг хийлгэж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Гадаад харилцааны сайд гадагшаа явсан үед зочин ирвэл түүнийг орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн заавал байдаг. Засаг дарга ч орлогчгүй бол ажил нь явдаггүй.
Дэд сайдын асуудал хуульд ч бий, төсөв, орон тоо нь ч байгаа. Орлогч сайд бол дэлхийн бүх улсад байдаг орон тоо. Нэгээр ч тогтохгүй байдаг. Энэ бол улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээсээ илүү бодит үр ашгаа тооцож Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж шийдэх ёстой гэж үзэж байна" гэдэг хариулт өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!