• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Н.Идэрчулуун: Аадар бороо орвол нийслэл хотод үер болох магадлал өндөр байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НОК-ын хуралдаанд Улаанбаатар хотын цаг агаарын төлөв байдлыг Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун танилцуулав.

"Агаарын дундаж температур 2025 оны зургаадугаар сарын дунд арав хоногийн байдлаар 14.8 хэм дулаан буюу олон жилийн дунджийн орчим байв.

Харин хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна.

Түүнчлэн зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Зургаадугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-н хүртэл сэрүүсэж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна" гэлээ.

Үер усны аюулын талаар Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун “Хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үер болох магадлал өндөр байна.

Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай”-г хэлэв.

  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа.

НОК-оос үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах, цаг агаарын халалтын улмаас хуурайшилттай энэ үед ногоон бүсэд иргэд олноор амарч, аялах тохиолдол их байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.