Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Хүхрийг багасгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий асаагчтай түлшийг DAP Эрээн нөхцөлөөр нэг тонныг 735,000 төгрөгөөр авах тендер зарлаж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх өвөл гэр хорооллын айлууд хэрэглэх хагас коксожсон түлшний асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд "Тавантолгой түлш" компанид байнга барьцалдуулагч шахдаг ААН, байгууллагуудын уур хилэнг би хүргэсэн байна. Өнөөдрөөс хойш тус компани нэг ч килограмм барьцалдуулагч авахгүй байх шийдвэр гаргасан. Одоо агуулахад байгаа 40,000 тонн миддлинг болон түүнийг барьцалдуулах үлдэгдлээ дуусгана. Үүнээс хойш миддлинг суурьтай барьцалдуулагчийн түлшийг хэрэглэхгүй байх шийдэлд хүрсэн. 

Эрчим хүчний сайд Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгээс хагас коксожсон түлш хэрэглэвэл хүхэрлэгийн хэмжээ 50% буурна гэсэн тайлан гарсан. ЭХЯ, Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос дэмжсэн. ШУА-ийн химийн хүрээлэнгээс хагас коксожсон нүүрсэнд дахин туршилт хийсэн.

Эцэст нь агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хагас коксожсон, хөх нүүрсээр хийсэн шахмал түлшээр энэ өвлийг давах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн.

Дөрөвдүгээр сараас эхэлж "Энержи ресурс" компани Тавантолгой түлш компанид миддлинг нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс хойш Эрдэнэс Тавантолгойн баяжуулах үйлдвэрийн 0 давхаргын нүүрсийг авчирч үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Гэтэл Агаарын бууруулах Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн багаас Эрдэнэс Тавантолгойн 0 давхаргын нүүрс буюу миддлингээр дахин барьцалдуулагчтай түлш үйлдвэрлэх нь агаарын чанарт өөрчлөлт орохгүй, хүний эрүүл мэндэд хортой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэж, Үндэсний хорооноос хагас коксожсон түлшийг хэрэглэх шийдвэр гаргасан юм.

Манай улсад хагас коксожсон түлшний үйлдвэр нэг ч байхгүй. Үйлдвэрийг барья гэж зөндөө ярьсан ч ажил болоогүй.

800-аас дээш градуст жигнэсэн, давирхайг салгасан, хүхрийг багасгасан хүчилтөрөгчийн агуулга бүхий асаагчтай түлшийг DAP Эрээн нөхцөлөөр тээврийн зардал ороод нэг тонныг 735,000 төгрөгөөр авахаар нээлттэй тендер зарлаж байгаа. Монгол Улс нүүрс химийн үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай болсон.

Улаанбаатар хот төдийгүй 21 аймаг 300 гаруй сумд түүхийн нүүрс түлж байгаагаас агаарын бохирдол түүнийг дагасан сөрөг нөлөөллүүд гарч байна. Албан бус мэдээллээр одоогоор 750 гаруй хүн угаартаж амь насаа алдсан. Энэ бүхнийг бууруулахын тулд Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Үндэсний хороо шийдвэр гаргахаар "Тавантолгой түлш" компанид барьцалдуулагч, шуудай шахдаг байгууллагууд хагас коксын түлшийг эсэргүүцэж, акц аян өрнүүлж байна" гэв.