Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүйгээр төсвийн тодотгол хийхийг зорьж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн жилийн төсөлт тавигдсан төсөл, хөтөлбөрүүдийг тавдугаар сарын 31-ны дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дуусаагүй буюу гэрээ хийгдээгүй бол төсвийг нь хэмнэлтэд тооцож байгаа. Энэ дагуу 2025 оны тавдугаар сарын 31-нээр 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсвийг хэмнэлтэд тооцоод байна.

Хэдийгээр хэмнэлтэд тооцлоо гэж байгаа боловч энэ нь хоёр талтай. Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс хэмнэлтийн тодотгол хийхээр ажиллаж байгаа. Энэ 535.9 тэрбум төгрөг хуулийн дагуу шууд хэмнэгдэж байгаа нь нэг талаар сайн хэрэг. Нөгөө талдаа энэ бол хайран төсөв юм. 2024 онд ямар өндөр босго давж энэ жилийн төсөв батлагдсан билээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр өмнөх онуудаас харьцангуй бага хэмжээтэй төсөв тавигдсан. Түүнээс 535.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүй нь маш харамсалтай. Бүх сайдаас төсөл, арга хэмжээ нь хэмнэлтэд орсон. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36 тэрбум төгрөг
  • Боловсролын сайдын багцаас 33 тэрбум төгрөг
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас 33 тэрбум төгрөг
  • Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг
  • Бусад сайдын багцаас 122.7 буюу нийт 535.9 тэрбум төгрөгийн 130 төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо.

Энэ бол тодотгол биш гэдгийг зориуд анхааруулж хэлье. Энэ бол Төрийн хэмнэлтийн хуулиар шийдэгдсэн асуудал.

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн тодотголыг боловсруулахдаа 14 хоногийн өмнө олон нийтээр хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна. Хуулийн энэ заалтыг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн. Үүнийгээ олон нийтээр хэлэлцүүлнэ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүнийг дагуулаад төсвийн хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар бэлдээд байна.

Жилийн эцэс рүү төсвийн орлогын дутагдал 2.3 их наяд төгрөгөөр тасарна гэдэг төсөөлөл судалгаа гарсан. Үүнд тааруулж төсвийн тодотгол хийх гэж байна. Бид аль болон нийгмийн суурь бүтэц болох боловсрол, эрүүл мэндийн төсөвт гар хүрэхгүй байхаар төсвийн тодотгол хийхээр төлөвлөсөн.

2.3 их наяд төгрөг гэдэг нь орлого тасалдах дүн. Үүний 535 тэрбумыг нь хэмнэсэн байгаа гэсэн үг. Тиймээс төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөг хийж байгаа. Хэрэв нөхцөл байдал муудах юм бол орлого нэмж тасрах эрсдэлтэй. Нэмж алдагдалд ороод хэмжээ нь ДНБ-ий 3%-д хүрэх эрсдэл үүсвэл дахин тодотгол хийнэ. Гэхдээ одоо хийж байгаа тодотголоос давсан алдагдалд хүрэхгүй байх.

Төсвийн тодотголыг өргөн барих хүртэл бидэнд 14 хоногийн хугацаа байна. Энэ хооронд тал бүрийн саналыг авах болно.

Манай төсөв 33 их наяд төгрөг. Үүний 8 их наяд нь төсвийн хөрөнгө оруулалт, 25 их наяд нь урсгал зардал байдаг. 25 их наядын 7.5 их наяд нь буюу 1/3 нь цалингийн сан. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэх үеэр төрийн албаны орон тоог есөн хувиар цомхотгохоо мэдэгдсэн. Нэгэнт 2025 оны төсөвт тодотгол хийх гэж байгаа учир төрийн албаны цомхотголыг одоо эхлүүлнэ.

160 мянган төрийн албан хаагчийн цалингийн системээс шүүж үзэхэд 6,200 сул орон тоо байна. Тэгэхээр сул орон тоон дээр хүн авахгүй байх нь хэмнэлт юм.

Хэн нэгнийг халж байгаадаа бус төрийн албыг цомхон, чадварлаг болгож, давхардлыг арилгахаар зорьж байгаа юм.

Төсвийн тодотголын төслийг Сангийн яам болон холбогдох бусад албаны сайтуудад нээлттэй байршуулна" гэлээ.