ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих эсэх талаар иргэдээс асууж байна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Морингийн даваа болон Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, үйлдвэр байгуулахыг дэмжих эсэх талаар иргэдээс санал авч эхэлжээ.

Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор саналаа өгөх боломжтой бөгөөд энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт 1.5 сая тонн ахуйн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий үйлдвэрийг гурван жилийн хугацаанд буюу 2025-2028 онд барих гэнэ. Үйлдвэрийг барих санхүүжилт 185 сая ам.доллар, төр хувийн хэвшил болон концессын BOT/барих-ашиглах-шилжүүлэх/ нөхцөлөөр барина гэж төсөлд тусгасан байна.

Харин Цагаандавааны хогийн цэгт уг үйлдвэрийг 2027-2030 онд барихаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400,000 гаруй тонн хогийг устгадаг бөгөөд нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг байна.

Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг бол 2025-2028 онд хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж, эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологийн үйлдвэр барихаар иргэдээс санал авч байгаа аж.