ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дуртай газраа хог асгаж байгааг нэг дүүрэг таслан зогсоохоор болов

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэгтэй болжээ. Энэ сарын 13-наас эхлэн хоёр өдрийн хугацаанд 45 байршлын хогийг цэвэрлэж, 380 гаруй тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөсөн байна.

Хур хог үүсгэсэн орчныг иргэдийн бүлгийн 100 гаруй ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гурван бригад, хог тээврийн 13 автомашин, тусгай зориулалтын гурван ковш механизмаар цэвэрлэж, хяналтын камерууд байршуулжээ.

Эдгээр камер нь 24 цагийн турш ажиллах бөгөөд дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл дуртай газраа хог асгаж байгаа байдлыг илрүүлж, таслан зогсоохоор хяналтын камерууд ажиллуулж эхэлжээ.

Хог хаягдлыг тогтоосон цэгээс бусад газарт хаяхыг хуулиар хориглодог байна.

Зөрчлийн тухай хуулиас: /6.1 дүгээр зүйл/

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгоно.
Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 200,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгөөр торгоно.
Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгоно.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс