Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийгмийн сангийн газрын Тэтгэвэр, тарифын бодлогын газрын дарга Жылдыз Кулжанова тэргүүтэй төлөөлөлтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан хаагчид өнөөдөр цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар харилцан туршлага солилцжээ.
Монголын талаас тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн Хуримтлалын нэгдсэн сангийн хэлтсийн дарга А.Хишигбаяр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны талаарх мэдээлэл хийв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангахад анхаарч “Алсын хараа-2050” урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад зорилтуудыг тусгасан байна.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар:
Монгол Улсын 130 орчим иргэн БНКУ-д, Монгол Улсад Киргизийн 60 гаруй иргэн оршин сууж байна.
Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа тул хоёр улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Нийгмийн хамгааллын тогтолцоог судлах хэрэгцээ шаардлагатай байна.
Ташрамд дурдахад манай улс ОХУ /1981/, Бүгд Найрамдах Солонгос Улс /2006/ Бүгд Найрамдах Унгар Улс /2012/ Бүгд Найрамдах Польш Улс /2019/, Бүгд Найрамдах Турк Улс /2018/, Бүгд Найрамдах Чех Улс /2019/-тай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байгаа.
Казахстан улстай Тэтгэврийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан 2024 онд гарын үсэг зурсан, энэ онд уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар ажиллаж байна.
Цаашид ОХУ- тай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх, Бүгд Найрамдах Австри, Австралийн Холбоотой Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!