2025 оны нэгдүгээр улиралд "Оюу толгой" ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийн мөн үеэс 42 хувиар өсөв

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" ХХК өнөөдөр 2025 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Оюу толгой хөгжлийнхөө онцгой бөгөөд шинэ тутам гэж хэлж болох цаг үе рүү шилжиж байна. 2025 он томоохон өөрчлөлт авчирсан жил байх болно. Тодруулбал бид энэ онд зэсийн үйлдвэрлэлээ 50 хувь нэмэгдүүлэх, 2028-2036 онд жилдээ 500,000 тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьсан. Ажлууд төлөвлөгөөний дагуу урагшилж байна. 

"Оюу толгой" ХХК 2025 онд 325-348 мянган тонн зэс үйлдвэрлэх, чөлөөт мөнгөн урсгалын боломжийг бүрдүүлэх зорилго тавьсан" хэмээв.

Үргэлжлүүлэн 2025 оны эхний улирлын үйлдвэрлэлийн мэдээллийг тус компанийн Техникийн үйлчилгээ болон өсөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр танилцуулсан.

Тэрбээр "Үйлдвэрлэл эрчимтэй үргэлжилж байна. "Оюу толгой" компани нэгдүгээр улиралд 10 сая тонн хүдэр боловсруулж, баяжмал дахь зэсийн хэмжээ 65,000 тоннд хүрсэн. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 42 хувийн өсөлттэй гарлаа. Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай яваагийн илрэл. Далд уурхайгаас баяжуулах үйлдвэр рүү хүдэр дамжуулах туузан дамжуургын систем ашиглалтад бүрэн орсон. Өдөрт дунджаар 28,000 тонн хүдэр гадарга руу дамжуулж буй бөгөөд зарим тохиолдол 45,000 тоннд хүрч байгаа. Ташрамд дурдахад энэхүү туузан дамжуурга нь дэлхийд хоёрдугаарт орох урттай.

Үйлдвэрлэлийн хэмжээ жилийн дараагийн хагаст үйлдвэрлэл улам өснө. Учир нь Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл амжилттай үргэлжилж байгаа. Хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орохоор үйлдвэрлэл төлөвлөснийхөө дагуу явна" гэлээ. 

Түүнчлэн Оюутолгойн уурхай нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох зорилготой. Энэ хүрээнд ил уурхайдаа ачааны цахилгаан автомашин ашиглаж эхлэх гэж байгаа аж. Эхний цахилгаан машин нь ирсэн бөгөөд цэнэглэх станц суурилуулж байгааг тэрбээр мөн хэлсэн. Хүлэмжийн хийг тэглэх зорилгынхоо дагуу төлөвлөсөн үе шаттай олон арга хэмжээний нэг нь энэ юм.

"Оюу толгой" ХХК тогтвортой хөгжлийг дэмждэгийн хувьд уул уурхайд шинээр нэвтэрсэн техник технологийг эзэмших, энэ салбарын мэдлэг, ур чадварыг дэлхийд нэр хүндтэй их дээд сургуулиудын багш нараас авах боломжийг нээснийг өнөөдөр мөн танилцууллаа. 

Энэ тухай "Оюу толгой" компанийн Техникийн үйлчилгээ болон өсөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр "Австралийн Квинсландын их сургуультай хамтран Өмнийн говийн гүний уурхайн институтийг байгуулсан. Үүндээ дэлхийд нэр хүндтэй их сургуулиудаас багш нарыг урьж, Монголын болон Азийн бусад улсаас уул уурхайн чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүсийг сургах юм. Уг институт нь 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энд суралцсан хүмүүс Оюутолгойн гүний уурхайд дадлага хийх, танхим болон цахимаар хичээлээ үзэх боломжтой" хэмээв.