Азийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн лидерүүд Улаанбаатарт чуулж, Монголын хөрөнгийн зах зээл олон улсын анхаарлын төвд орно.
Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн Үнэт Цаасны Форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий Чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) авснаа албан ёсоор зарлалаа.
Азийн Үнэт Цаасны Форумын Ерөнхий Чуулган нь Австрали, БНХАУ, Хонг Конг, Япон, БНСУ, Сингапур тэргүүтэй Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоод, зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг чухал уулзалт юм. Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулган нь Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болно.
Азийн Үнэт Цаасны Форумын тухай:
Азийн Үнэт Цаасны Форум (ASF) нь Ази-Номхон далайн бүс нутгийн 20 гаруй улс, бүс нутгийн үнэт цаасны салбарыг төлөөлдөг 30 орчим гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хамтын ажиллагаа, мэдлэг мэдээлэл солилцоог дэмждэг бие даасан платформ юм. ASF нь гишүүн байгууллагуудын хооронд үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, зохицуулалт болон нийтлэг сонирхлын асуудлаарх яриа хэлэлцээг өрнүүлж, жил бүр ээлжит Ерөнхий Чуулганы хурлыг зохион байгуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asiasecuritiesforum.org
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны тухай:
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь Монголын үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн шударга, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой өөрийгөө зохицуулах байгууллага юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.masd.mn
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!