ЛэндМН нь олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч болох Lendable Asset Management байгууллагаас 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тогтвортой, урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой юм.
Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монголын эдийн засгийн томоохон төлөөлөл хэдий ч тэдгээр бизнес эрхлэгчид санхүүжилтийн хомсдолд хамгийн их өртдөг. ЛэндМН нь энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2024 онд барьцаагүй, бүрэн дижитал бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шийдэл нь бизнес эрхлэгчдийн хувьд цаг хугацаа, зардлыг хэмнэх цогц үйлчилгээ болж чадсан юм. Одоогийн байдлаар нийт 3,800 гаруй бизнес эрхлэгч ЛэндМН-ийн зээлийн үйлчилгээг ашиглаж, өдөрт дунджаар 630 орчим бизнес эрхлэгч аппликейшнээр зээлийн эрхээ шалгаж байна. Энэ нь тус бүтээгдэхүүн зах зээлд хамгийн эрэлттэй санхүүгийн шийдэл болсныг харуулж байгаа юм.
Шинээр татсан энэхүү урт хугацаат 20 сая ам.долларын санхүүжилт нь ЛэндМН-ийн бизнесийн зээлийн шугамыг өргөжүүлж, барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалан зээл авч чаддаггүй бичил бизнес эрхлэгчдэд урт хугацааны, эргэлтийн хөрөнгийн зээлийн хэрэгцээг хангах тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бий болгох юм.
Ийнхүү ЛэндМН нь олон улсын хөрөнгийн зах зээлээс мэргэжлийн санхүүжилт татсанаар Монголын финтек салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, цаашдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.
Мөн саяхан ЛэндМН нь олон улсын “Харилцагчийг Хамгаалах Сертификат”-ын үнэлгээг хийлгэж, Мөнгөн түвшний (SILVER) стандарт хангасан ба Монгол улсад болоод дэлхийд уг гэрчилгээг авсан анхны финтек компани болсон билээ.
Lendable Asset Management-ийн тухай
Lendable Asset Management нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч финтек компаниудад хөрөнгө оруулан, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллага юм. Тус байгууллага нь Африк, Латин Америк, Ази болон Ойрх Дорнодын бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд уламжлалт банкны үйлчилгээ хүрч чаддаггүй хувь хүн, бизнесүүдэд дэмжлэг үзүүлж буй финтек компаниудад хөрөнгө оруулдаг байна.