Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын 2025 оны эхний гурван сарын Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн талаар өнөөдөр танилцуулав.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.0%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний улиралд 6.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний улиралд 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (16.1%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 539.7 (21.1%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 35.6 (2.8%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 782.9 (68.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Тэгвэл нийгмийн даатгалын орлого 264.9 (28.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 42.4 (12.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний улиралд 6.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 807.3 (14.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 463.8 (26.2%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 622 .7 ( 26.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Харин хөрөнгийн зардал 250.5 (29.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. 2025 оны эхний улиралд нийт зардалд урсгал шилжүүлэг 46.5 хувь , бараа үйлчилгээний зардал 34.4 хувь, хөрөнгийн зардал 9.1 хувь,хүүгийн зардал 6.3хувь, татаас 3.7хувийг эзэлж байна.
Татварын орлого: Орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдэл өртгийн албан татвар, онцгой албан татвар, тусгай зориулалтын орлого, гадаад үйл ажиллагааны орлого, бусад татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.
Татварын бус орлого: Нийтлэг татварын бус орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлого, улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгээс бүрдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!