Уншиж байна ...

Х.Ганхуяг: ЕЭЗХ-той худалдааны гэрээ байгуулбал Оросоос импортолж байгаа хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Манай экспортын хэмжээ үсрээд 10 хувиар л өснө

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Гурван жилийн хугацаатай байгуулах худалдааны түр гэрээгээр манай улс нэмүү өртөг шингэсэн 375 нэр төрлийн барааг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан руу нийлүүлэх бол эдгээр улсууд мөн 375 төрлийн бараа бүтээгдэхүүнийг манай улсад экспортолно. Үүнд: Цемент, өндөг, хуурай сүү, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түлхүү багтаж байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Х.Ганхуяг гишүүн байр сууриа илэрхийлж, асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хэлэлцээрт бид бэлэн эсэхэд би эргэлзэж байна. Киргизстан улс энэ холбоонд элссэн. Гэтэл гадаад худалдааных нь 60 хувь ганзгаар явдаг. Татвар хураах боломжгүй. Томоохон бизнесүүд нь бүгд орос эзэнтэй. Манай аж ахуйн нэгжүүдэд тийм хэмжээний мөнгөтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Тиймээс бид гэрээний үр нөлөөг судлаад хойшлуулах нь зөв. Өөр гарц байхгүй. Оросоос импортолж байгаа хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Манай экспортын хэмжээ үсрээд 10 хувиар л өснө. Мах экспортолно гээд байх юм. Гэвч одоо хятад руу махаа экспортолж чадахгүй байна. Казахстан, Киргизстан улсууд яаж энэ хэлэлцээрээс гарах уу гэж байна. Тиймээс үүнд болгоомжтой хандсан нь зөв байх.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ийм болгоомжлолыг олон хүн хэлж байгаа. Яагаад бид хойд талтай түр хэлэлцээр хийх санал гаргасан бэ гэхээр худалдааны 90 гаруй хувийг урд талтай хийж байна. Тэнцвэрээ хангая гэж байгаа юм. Бид эхэлж санал тавьсан. ЕЭЗХ бидний саналыг хүлээж авалгүй их удсан. Ө.Энхтүвшин сайдын хэлж байгаагаар их олон орны ард байсныг хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яриа хэлэлцээр эхлүүлэх шийдэлд хүрсэн юм билээ.

Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ босгоё гэвэл энэ хэлэлцээр маш ашигтай. Бид ЕЭЗХ-д элсэхгүй. Ажиглагч орноор ч элсэхгүй.

Бид зах зээлээ олж авахгүй бол худалдааны дайн манай улсад ямар аюул авчрахыг тааварлах боломжгүй байна. Худалдааны дайны үед өөрийн гэсэн зах зээл олж авах нь улс орны амин чухал асуудал юм. Ер нь монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлтөд оруулаагүй. Улаанбуудай, хүнсний ногоог бүрэн хамгаалсан. Архи, пиво, сүү, сүүн бүтээгдэхүүнээ хамгаалсан.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ салбар бол 600 мянган хүний амьдралтай холбоотой. Гэрээг гурван жилийн хугацаатай хийнэ. Ямар ч эрсдэлгүй гэж ярьж болохгүй шүү Л.Гантөмөр сайд аа. Та өөрийн гараар эдийн засгийнхаа гол салбарыг нухчин дарах гэж байна. Хийсэн судалгаа чинь хангалтгүй байна.

Манайх руу чөлөөтэй орох ч бид юу ч гаргах боломжгүй хэлэлцээр байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Өнгөрсөн парламентад байсан гишүүд өнөөдөр айхтар дуугараад байх хэр зохистой вэ. Хэлэлцээр эхлэхэд та бүхэн дуу хоолойгоо хүргэж байх ёстой байсан.

Хоёр орны харилцаан дээр айхтар улстөржөөд байх шаардлага байхгүй. Хоёр хөршийнхөө аль нэг талыг барьж амьдардаг хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн нөлөөг төрийн бодлогод оруулж ирж болохгүй. Хамгийн ойр, хамгийн бололцоотой зах зээл хойд талд байна. Энэ зах зээл рүү бид дайрах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: ОХУ‑д эргэлзээд байх зүйл надад алга. Би танд эргэлзэж байна. Тооцоо судалгаагаа эхлээд харуул. Түүний дараа шийдье.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Бид улс төрийн өнгөөр юманд хандаад байгаа. Тооцоо, судалгааг холбогдох газрууд нь хийчихсэн. Нэг итгэлгүй зүйл байна. Бид үйлдвэрлэсэн бараагаа тэр зах зээлд зарж чадахгүй юм биш үү гэдэг айдас. Бараа бүтээгдэхүүнийг чинь авъя гэж ямар ч хүн баталгаа гаргаж өгөхгүй. Хэр сайн бараа үйлдвэрлэнэ тэр хэмжээнд бараагаа зарна. Хэр хэмжээнд худалдааны суу заль гаргана тэр хэмжээнд юмаа зарна

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа