Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны гуравдугаар сарын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцын талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээлэл өгөв.
Түүний мэдээлж буйгаар 2025 оны гуравдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 9.1 хувьтай гарчээ. Инфляцын түвшин 2024 оны гуравдугаар сард 6.2 хувь байсан бол энэ оны гуравдугаар сард 9.1 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Харин бараа бүлгийн үнэ жилийн 6.7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн аж. Өнгөрсөн сард инфляц 9.1 хувь гарсны 2.3 нэгж нь хүнсний бараа, ундаа усны үнэ, 2.1 нэгж нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Тэгвэл өнгөрсөн оны мөн үед инфляц 6.2 хувьтай гарахад орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн өсөлт 0.4 нэгж хувиар нөлөө үзүүлж байсан аж. Харин хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлт өнгөрсөн оны мөн үед 2.6 нэгж хувиар нөлөөлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!