Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн /бүрэн эхээр нь эндээс// танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авна гэсний дагуу өргөдлийг хүлээн авсан. Нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр зохион байгуулахаар тогтож, тус Байнгын хорооны 10 дугаар тогтоолыг баталсан. Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 194 иргэн, төрийн байгууллагын 93 албан тушаалтан оролцож, 75 иргэдийн төлөөлөл холбогдох төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч, 28 иргэн танилцуулга хийснийг дурдлаа.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар зар мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэлээ. Сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46 хүн оролцсон гэв.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, П.Батчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой зүйлийг тусгах нь зүйтэй эсэх, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн боломж нөөц хэр байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэдийн амь насанд халтай угаарын хий гаргадаг түлш үйлдвэрлэх, мэдрэгчийг айл бүрд байршуулах зэрэг бизнесийг дэмжсэн ажлыг Байнгын хорооны тогтоолд тусгасан шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат нийслэл Улаанбаатар хот утаагүй өвөлжсөн тохиолдлууд бий. Өнөөдөр агаарын бохирдол ихэссэн шалтгааныг хяналтын сонсголоор хэрхэн дүгнэснийг тодруулав.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн хариултдаа, 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байлаа. Энэ бүх сайн туршлага байхгүй болсон хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд ажлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэснийг дурдлаа.
Төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээллийг иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн хүн ам болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгасныг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулгадаа онцлов.
Тогтоолдын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд эсвэл Шадар сайд зэрэг салбар дундын уялдааг хангуулах албан тушаалтнаар ахлуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг Засгийн газраас танилцуулах чиглэл өгөхийн зэрэгцээ, тогтоолын төсөлд дотоод орчны бохирдлын асуудлыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа дулаалгын нэгдсэн стандарт боловсруулах, барилгын дулаалгатай холбогдох норм, дүрмийг шинэчлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв.
Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн бэлтгэсэн тогтоолын төслийг нэгтгэн, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!