Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын 10 хувийг нэг хувь болгох иргэний санаачилгыг 100,000 иргэн дэмжиж гарын зурсантай холбогдуулан хуулийн төсөл санаачлах асуудлаар УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах" саналыг цахим өргөдлийн системд байршуулсныг долоо хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн.
УИХ-ын дэгийн тухай хуульд олон нийтээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн төсөл болгох зохицуулалт бий. Тиймээс ард иргэдийн саналыг дэмжиж, хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл санаачлахаар зорьсон. Энэ саналыг манай АН-ын бүлэг дэмжихээр болсон.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг багасгана гэж заасан. Улсын төсвийн зарлага асар их нэмэгдэж байгаа. Энэ зарлагыг татварын орлогоор бүрдүүлдэг. Сангийн яамнаас авсан мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь улсын голч цалингаас доош цалин авдаг гэсэн.
Иргэн хоёр сая төгрөгийн цалин авахын тулд 2.5 сая төгрөгийн цалинтай байх ёстой бөгөөд компани 2.8 сая төгрөгийг гаргадаг. Сүүлийн үед татвар хураамж маш ихээр нэмэгдэж байгаа. Нийслэл хотын албан татвар 100 хувь нэмэгдсэн. Авто тээврийн хэрэгслийн албан татвар 200 хувь нэмэгдсэн. Энэхүү татвар хураамж ард иргэдийн толгой дээр дарамт болж байна.
Манай улсын татварын бодлого төсвийн зардлыг нөхөх зорилгоор хэрэгжиж байгаа. Татварыг бууруулснаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдана. Хүн бүрийн хөдөлмөрийн идэвх сайжирна. Иргэд өөрсдөд нь үлдэх мөнгөөр хувьцаа худалдан авах, хөрөнгө оруулах хэлбэрээр хөрөнгийн зах зээл өсөх юм.
Үндсэн хуульд иргэдийг нас хүйс, амьдарч буй орон байр, орчин газраас үл хамаарч тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Тиймээс бүх иргэнийг нэг хувийн татвартай болгох зарчмыг баримтална.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Иргэдийн санал санаачилгыг Төсвийн байнгын хороо хүлээж аваад Татварын багц хуулийн шинэчлэлтийн ажлын албанд даалгаж өгсөн. Би тус ажлын хэсэгт багтсан. Татварын багц хуулийн ажлын хэсгийн зүгээс хувь хүний орлогын албан татварыг бууруулах талаар судалж байгаа.
Олон улсад энэ төрлийн татвар өндөр байдаг ч иргэд нь асуудалгүй төлдөг. Учир нь төрөөс хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдэд буцаан олголтыг өндөр өгдөг. Гэтэл манай улсад энэ тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа. Энэ зарчмыг бүрдүүлтэл албан татварыг тэгш нэг хувиар төлөх санаачилгыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: 2024 онд улсын төсөв 27 их наяд төгрөг байсны хувь хүний орлогын албан татвар 1.7 их наяд төгрөгийг бүрдүүлсэн. Бид аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, суурь татварын баазуудыг тэлэх ёстой. Монголоос хөрөнгө оруулагч нар гарч байна. Шинэ зах зээлийг нээх, одоо байгаа зах зээлийг хадгалах бодлого баримталбал төсвийн цоорхойг нөхөх боломжтой.
ОХУ нь нийт 144 сая хүн амтай бөгөөд 1.5 сая төрийн албан хаагчтай. 1,000 хүнд ногдох төрийн албан хаагчдын тоо 10.4 байгаа. Гэтэл манай улсад 225,496 төрийн албан хаагчтай бөгөөд нэг хүнд 65 төрийн албан хаагч ногдож байна. Манай улс ардчилсан, технологи хөгжсөн нээлттэй улс гэж байгаа боловч яг үнэндээ хүн хүнтэй харилцах үйлчилгээ явж байна. Үүний цаана авлига хээл хахууль буурахгүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!