"Удирдлагын бүтэц нь данхайсан, өртэй, ажилчдынхаа цалинг нэмэх мөнгөгүй эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт хууль, дүрэм журам зөрчигдөн, ажиллагсдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулж, хөдөлмөрлөх нөхцөл, ХАБЭА-н асуудалд нөлөөлөх хэмжээнд хүрч буй талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тус холбооноос дараах асуудлуудыг хөндөж шаардлага тавилаа. 

1. Эрчим хүчний салбарын 27 аж ахуй нэгж бүр дээр улс төрийн томилгоо хийгдсэн нь албан тушаал давхардуулан хууль зөрчсөн явдал юм

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх нэрийн дор засаглалд өөрчлөлт оруулж бүтээмжийн менежер гэх албан тушаалтуудыг томилсон. Энэ нь дараах хуулийн заалтуудыг зөрчиж байна. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.2-т заасан Хяналтын горимыг мөрдүүлэх, 5.4-т заасан энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох. Түүнд аливаа албан тушаалтныг томилохыг хориглоно. 15.1.2-т чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглоно гэж заасан байна. 

Гэтэл нэр нь өөр ч орлогчийн байр суурьтай албан тушаалтнуудыг томилсон байна. Эрчим хүчний салбарын 27 аж ахуй нэгж бүр дээр улс төрийн томилгоо хийгдэж байгаа нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаанд зөрчил үүсгэж байна. 

Түүнчлэн Засгийн газраас давхар эрчим хүчний салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэдэн тэрбумын төсөвтэй Эрчим хүчний реформын үндэсний хороог байгуулсан нь мөн адил хууль зөрчиж байна. Удирдлагын бүтэц нь данхайчихсан, хуримтлагдсан өр авлагатай, ажилчдынхаа цалинг нэмүүлье гэхээр мөнгө байхгүй эрчим хүчний салбарт 2-3 тэрбумын төсөвтэй орон тоо нэмж байгаа нь буруу юм. 

2. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь бусад хуулиудтайгаа зөрчилдөж байна

Төрийн хэмнэлтийн тухай хууль нь бусад хуулиудтайгаа зөрчилдөж байна. 

Эрчим хүчний салбарын 80 гаруй ажлын байр нь хэвийн бус нөхцөлд хамаардаг. Энэ хүнд хүчир нөхцөлд ажиллаж буй ажилчид ажлынхаа хажуугаар урлаг, спортын арга хэмжээ хийе гэхээр "төсөв байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглочихсон" гэдэг. Биеийн тамир спортын тухай хууль дээр өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажилтны сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих... чиглэлээр үйл ажиллагаа явуулна... Төсвийг байгууллагаас гаргана зэргээр заасан байдаг. 

Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуульд байгууллагын төсвөөр биеийн тамир, спортын арга хэмжээ зохиохыг хориглоно гэсэн байгаа нь хоёр хууль хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3. Хамтын гэрээний асуудалд аудит акт тавчихаар ажилчид нэмэгдэл цалин хөлс, тэтгэмжээ авч чадахгүй байна

Эрчим хүчний салбарт хамтын гэрээг аж ахуйн нэгж байгууллага дээр Үйлдвэрчний эвлэлийн хороо Захиргаатай байгуулдаг. Хамтын гэрээ хэлэлцээ нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид хамаардаг. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуульд хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал урамшуулал олгохыг хориглоно гэж заасан байдаг. 

Хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр гэж заасан байхад ажилтнуудын асуудал шийдэж байгаа Хамтын гэрээний асуудал дээр Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн байна гээд акт тавьж байгаа нь ажилтнуудын эрх ашигт хортой нөлөө үзүүлж байна. Акт тавьчхаар нэмэгдэл цалин хөлс, тэтгэмжээ авч чадахгүй байна. 

Төрийн хэмнэлтийн хуулийн зорилт нь төр түүний бүх шатны байгууллага, нийтийн албаны үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх... үрэлгэн байдлыг хязгаарлах гэсэн байдаг. Гэтэл үүнийг эсрэг талаас нь ашиглаж төрийн өмчит байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хохироож байгаа асуудалд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрс эсэргүүцэж хяналт, бүтээмжийн менежер зэрэг албан тушаалуудаа яаралтай цуцлахыг шаардаж байна.