Монгол улстай хил залгаа ОХУ-ын бүс нутагт ой хээрийн томоохон түймэр гарч, онц байдал зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын хэд хэдэн бүс нутгийг ой хээрийн түймэр хамраад байна.

Тус улс даяар нийт 41,675 га талбайг хамарсан 52 түймрийн голомт байгааг өчигдөр албаныхан мэдээлжээ.

Хавар эрт эхэлж, ихэнх нутаг цас багатай, хуурай байгаа нь энэ хаврын түймрийн аюулыг улам нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.

Хамгийн том буюу 31,903 га газрыг хамарсан түймэр Монгол улстай хил залгаа Өвөр Байгалын (Забайкальский край) хязгаарт шатаж байгаа ажээ.

Даваа гарагт орон нутгийн эрх баригчид бүс нутагтаа онц байдал зарласан байна.

зураг
 

Мягмар гарагт Байгалын хурдны замын Өвөр Байгалын хэсэг түймэрт автсан тул хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ. Мөн бүс нутгийн төв Чита хотыг энэ өдөр түймрийн өтгөн утаа нөмөрсөн байна.

Лхагва гарагт Өвөр Байгалын хязгаарын ойн ахлах байцаагч Валерий Шрейдер гал түймэртэй тэмцэх хүн хүч хүрэлцэхгүй байгаа тул бусад бүс нутгаас тусламж авах хүсэлтэй байгаагаа хэвлэлд ярьжээ.

Бүс нутгийн захирагч Александр Осипов сүүлийн 30 жилийн хугацаанд жил бүр гарах болсон түймрийн улмаас Өвөр Байгалын ой модоор бүрхэгдсэн газар нутгийн эзлэх хэмжээ 30 хувиар багассан, эдгээрийн 70 гаруй хувь нь хүний буруугаас алдсан гал байсныг ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Кемерово, Красноярск, Эрхүү, Хакас зэрэг Сибирийн бусад бүс нутгийг хүчтэй салхи дайран өнгөрсөн нь ой хээрийн түймрийг улам өргөжүүлжээ.

Зөвхөн Эрхүү мужид өнгөрсөн Бямба гарагт 17 амины орон сууц, нэг сургууль түймэрт шатсан юм.

Бүгд Найрамдах Буриад Улсын эрх баригчид Өвөр Байгалын хязгаартай хил залгаа Еравнинский дүүрэгтээ онц байдал зарлажээ. Өчигдрийн байдлаар энд 3,400 гаруй га газар шатаад байв.

Өнгөрсөн оны хавар ОХУ даяар 13.8 сая га талбай бүхий ой мод шатсан нь сүүлийн гурван жилийн хамгийн том гамшиг болж байжээ.

Тэгвэл 2025 оны ой хээрийн түймрийн хохирол үүнийг давж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

ОХУ-ын засгийн газар 2025 оны төсөвтөө ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд 19.9 тэрбум рубль ($234 сая) тусгасан нь хангалттай биш гэж тэд үзэж байна.

Үүнээс гадна тус улсын онцгой байдлын яам машин техник, хүн хүчний хомсдолтой хэвээр байгаа.

Хоёрдугаар сард тус яам гал түймэртэй тэмцэх алба нь хүн хүчний 15 хувийн дутагдалтай байгаа, үүнд цалин хөлсний хэмжээ голлон нөлөөлж буйг мэдээлж байжээ.

Эрчүүдийг Украины дайнд олноор явуулах болсон нь үүнд бас нөлөөлж байгаа юм байна.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа