Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дуусаад буй. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байгаа талаар Замын хөгжлийн газраас мэдээлж байв.
Энэ тухай НЗХГ-ын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн "Зайсангийн зүүн талын 225 метр урт, төмөрбетон гүүрний шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар шон суурь 90%, тулгуурыг суурилуулах ажил 80%-д хүрсэн. Шон суурийг суурилуулахдаа газраа өрөмдөж бэлтгэсний дараа арматураа хийж, цутгалт хийх технологиор гүйцэтгэж байна.
Голын ус гэссэн хэсэгт гүүрний тулгуурыг суурилуулах ажил бүрэн дууссан. Гүүрний дам нурууг энэ сарын 20-ноос угсрах төлөвлөгөөтэй.
Гүүрний бүтээн байгуулалтын ажлын явц 70%-д хүрсэн.
Зургаадугаар сарын 30-наас өмнө гүүрний хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Барилга угсралтын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй" гэв.
Уг гүүрийг 1968 онд барьж, 2012 онд хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар буулгаж, дахин шинээр барихаар болсон юм.
Харин баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулаад байгаа билээ.
Зайсангийн зүүн гүүрний бүтээн байгуулалтаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|