Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцжээ.
Иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 100,187 хүн дэмжсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтай.
УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!