Уншиж байна ...

Б.Жавхлан: Шаталсан татварын шинэчлэл хийхээр судалж байгаа. Хавтгайруулан хэмжээг бууруулах нь бодлогын хувьд буруу

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах тухай асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр дараах байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Татварын багц хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Үүн дотор хувь хүний орлогын албан татвар болон НӨАТ-тэй шинэчлэлийн асуудал байгаа. Хавтгайруулж хэмжээг бууруулах нь бодлогын хувьд буруу. Төсөвт ч боломж байхгүй.

Хувь хүний орлогын албан татвар бол орон нутаг буюу нийслэл, аймгуудын орлого байдаг. Жишээ нь Ховд аймгийн төсвийн орлогын 48 хувийг хувь хүний орлогын албан татвар эзэлдэг. Гэтэл үүнийг нь 10 дахин буулгачихвал юу болох вэ? Зарим аймгууд дээр энэ тоо 70 хувь хүртэл байгаа. Нийслэлийн хувьд бараг 50 гаруй хувийг нь хувь хүний орлогын албан татвар эзэлж байдаг. 

Бид уул уурхайн эдийн засагтай гадаад хүчин зүйлсээс хэт хамааралтай. Ийм савлагаатай эдийн засагт шаталсан татварыг баримталдаг. Өндөр орлоготой бол 10 хувь хүртэл бага орлоготой бол 1 хувь, тэглэх хэмжээнд ч байж болно зэргээр бодлогын шинэчлэл хийхээр судалгаанууд хийгдэж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогыг ажил олгогч, ажилтан талаас бүрдүүлдэг. Энэ сан нь төсвөөс хоёр их наяд төгрөгийн татаас авдаг. Ажил олгогч талаас татвараа төлөхөө больчихвол татвар төлөгчдийн нуруун дээр л энэ сангийн ачаалал ирнэ. Нийгмийн даатгалын сангийн тогтолцооны шинэчлэл нь чухал юм. Олон нийтэд таалагдах гээд сангаараа тоглоод байвал энэ сан дампуурна. Дампуурах тусам төсвөөс хамааралтай байдал нь улам нэмэгдэнэ" гэв.