ХасБанк 2025 оны I улиралд 44.1 тэрбум төгрөгийн (өмнөх улирлаас +2.8%) татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 23.4%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 167.7 төгрөгт хүрлээ.
2025 оны I улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- Зээл ба санхүүгийн түрээсийн багц 3,846 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 4.0% өссөн байна. Тайлант хугацаанд бичил, жижиг дунд бизнесийн зээлийн багц болон санхүүгийн түрээсийн багц өссөн нь нийт багцын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.
- Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 1.7% буурч 3,366 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалт бүхий 147 сая ам.долларын синдикат зээлийн гэрээг Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) болон бусад 5 санхүүгийн байгууллагатай байгуулав. Тус эх үүсвэрийг 35 ба түүнээс доош насны залуу бизнес эрхлэгчдэд зээл олгоход зарцуулна. (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.)
- Банк 2024 онд Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулсан санхүүжилтийн гэрээний 50 сая ам.долларын эх үүсвэрийг 2025 оны I улиралд татан авсан. Тус эх үүсвэрийг бичил, жижиг, дунд бизнесүүд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор зарцуулах болно. (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.)
- Тайлант хугацаанд ХасБанк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 19.6% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36.7% (байвал зохих хэмжээ 25.0%).
Мөн ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит хурал 4-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд эрхэм хувьцаа эзэмшигч та ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.
ХасБанкны 2025 оны 1-р улирлын санхүүгийн байдлын болон орлого үр дүнгийн тайланг доорх холбоосуудаар үзнэ үү.
Санхүүгийн байдлын тайлан: ЭНД дарна уу.
Орлого үр дүнгийн тайлан: ЭНД дарна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!