Олон өдрийн өмнөөс “Чөлөөлөлтийн өдөр” хэмээн нэрлэж байсан дөрөвдүгээр сарын 2-ны Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бараг бүх улсын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноох шийдвэрээ зарлалаа.
Өөрөөр хэлбэл АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноодог улс бүхэнд “хариу” татвар оноох арга хэмжээгээ зарласан юм.
“Хариу” татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон байна. Гэхдээ уг татварын суурь хэмжээг 10 хувь байхаар тооцжээ.
Цагаан ордноос зарласан жагсаалтад дэлхийн 185 улсын нэр байгаагийн дотор Монгол улс багтсан байна.
Монгол улсын хувьд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар оноодог үндэслэлээр 10 хувийн “хариу”татвартай болжээ.
Харьцуулбал АНУ-ын бараанд 67 хувийн татвар оноодог үндэслэлээр Хятад улс 34 хувь, 39 хувийн татвар оноодог Европын Холбоо 20 хувь, 90 хувийн татвар оноодог Вьетнам улс 46 хувийн “хариу” татвартай болсон байна.
“2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр түүхэнд Америкийн аж үйлдвэрлэл дахин сэргэсэн, Америкчууд хувь заяандаа дахин эзэн болсон, Америкийг дахин баяжуулсан өдөр хэмээн дурсагдах болно” гэж Трамп шийдвэрээ зарлах үеэр хэлжээ.
Авсан арга хэмжээнийхээ зарчмыг тэр “Тэд бидэнтэй яаж харьцана, бид тэдэнтэй бас тэгж харьцана. Маш энгийн. Үүнээс илүү ойлгомжтой хэлэх боломжгүй” гэж тайлбарласан байна.
Өчигдөр Трамп бас АНУ-д импортлогдох бүх автомашинд 25 хувийн татвар оноох захирамждаа гарын үсэг зурсан юм.
Трампын авсан арга хэмжээнд өртсөн улс орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ижил төстэй хариу арга хэмжээ авахаа эртнээс мэдэгдэж байсан. Ойрын өдрүүдэд тэд тус тусын арга хэмжээгээ зарлах нь тодорхой байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
128 СЭТГЭГДЭЛТЭЙ
|