Уншиж байна ...

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх, эд зүйлийг таньж олох “MD-Video AI” программ ашигладаг боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн Цагдаагийн Албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программыг  хүлээлгэн өгчээ.

Уг программыг мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд ашиглах юм байна.

Программыг БНСУ-ын "GMD soft "компани эзэмшдэг бөгөөд ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай. Уг программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх аж. 

Энэ тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2,606 ухаалаг камер ажиллаж байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянаж байгаа. Уг нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан. Үүн дээр “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл техник болон программ хангамжийн хувьд томоохон ахиц дэвшил гарч байна” гэв.  

Программ хангамжаас гадна өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр авах шийдэлд хүрчээ.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаяр “Гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хамгийн чухал байдаг. Гэсэн хэдий ч урьд өмнө байрлуулсан аж ахуйн нэгжийн камерууд чанарын шаардлага хангахгүйгээс үүдэн нотлох ажиллагаанд саад учирч, хэрэг шийдвэрлэхэд хугацаа алдах сөрөг талтай байсан. Ийнхүү тус программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг цуглуулах ажилд маш том дэмжлэг болж байна” гэж ярилаа.