Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарчээ. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл тус дүүргийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм.
Иймээс дээрх дахин төлөвлөлтийн ажлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцахаар болж, тус байрны оршин суугчидтай уулзав.
СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны оршин суугч О.Мөнхсайхан “2022 оны тавдугаар сард 64 айл маань гэрээний дагуу байраа долоо хоногийн дотор чөлөөлж, хуучин барилгыг нураасан. Гэвч энэ хугацаанд барилгын талбайг тойруулж хашаа барьснаас өөр зүйлгүй байна.
Харин олон жил хохирсон биднийг төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлуулсан хэмээн “Уран проект” ХХК гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандсан байна” гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцтай холбоотой асуудал их байна. Үүний нэг нь СБД-ийн 6 дугаар хороонд байрлах “Уран проект” ХХК-ийн хариуцаж авсан уг төсөл юм. Дөрвөн жилийн хугацаанд ямар ч ахиц байхгүй байна. Одоогоос эхлэн нийслэл энэ асуудлыг хариуцаж, иргэдийг түр орон сууцаар хангаж, барилгын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллана.
Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр өөрөө иргэдтэй гэрээ байгуулж, төслийг удирдана. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлаж, чадамжтай компаниудыг оролцуулна.
2020-2021 онуудад хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарсан, луйврын шинжтэй “Уран проект” ХХК-ийг хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэв.
Энэ онд гурван тэрбум төгрөгийн дүрмийн сантай орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон билээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” компани нь гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!