Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр /2025.02.28-03.04/ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6,713 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.
Тухайлбал Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын ХМТ-өөс мэдээллээ.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!