Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг 21:00-09:00 цаг хүртэл, хэрэглээний хязгаарыг 3,000 кВт.ц болгож нэмэгдүүлжээ
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдсэн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199, 2025 оны 115 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 724, 2025 оны 42 дугаар тогтоолын дагуу дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Гэр хорооллын айл өрхийн цахилгаан шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээг хамруулж байсныг 21:00-09:00 цаг хүртэл болгож хугацааг уртасгасан байна.
- 100 хувь хөнгөлөх цахилгааны шөнийн хэрэглээний хязгаарыг 1,500 кВт.ц, 380 В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 1,500 кВт.ц байсныг 3,000 кВт.ц болгож тус тус нэмэгдүүлжээ.
Тус хөнгөлөлтөд нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
