Уншиж байна ...
Зураг
Зураг

П.Наранбаяр: Ирэх хичээлийн жилд сурагчдын өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгана

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж байгаа талаар танилцууллаа.

Тэрбээр “Хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайд Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу баталдаг. Энэ эрх үүргийнхээ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орууллаа.

Өөрөөр хэлбэл 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх хичээлийн жилийн бүтцийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Happy January” буюу “Аз жаргалтай нэгдүгээр сар” иж бүрэн бодлогыг зарлана. Үүнтэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийх шаардлага гарч ирсэн.

Сурагчдын амралтыг нийслэл, орон нутаг гэдэг байдлаар ялгаатай хуваарилдаг. Нийслэлийн болон орон нутгийн сурагчдын амралт эхлэх хугацаа долоо хоногийн зөрүүтэй ч дуусах хугацаа нь адил байдаг.

Энэ жилийн буюу 2024-2025 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй. Энэ хугацаанд бага ангийнхан таван долоо хоног амарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс 2025 оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл. Энэ нь ханиад, томуу өвчний дэгдэлтийг тооцсон хэрэг юм. Мөн хамгийн хүйтэн байдаг онцлогийг харгалзсан.

2025-2026 оны хичээлийн жил мөн л гурван улирлын бүтэцтэй байна. Гэхдээ амралтын нэг долоо хоногоор сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас бага анги амарна. Ингээд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл нь эхэлнэ. Зургаан долоо хоног буюу нэг сар гаруй амарна.

Ингэснээр түгжрэл бууруулна. Мөн ид хүйтний үед хүүхдийг ханиад, томуу тусахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Үүнтэй уялдуулаад эцэг эхийн амралтын цаг болон дотоодын аялал жуулчлалын талаар холбогдох яамд тухай бүрд нь зарлах болно.

Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ны Даваа гарагаас эхлэн таван долоо хоног амарна. Ахлах ангийнхан дунд ангийнхантай зэрэг амрах ч эхний долоо хоног нь цахим хичээл явна.

Өвлийн амралтыг ид хүйтний үед нэг долоо хоногоор нэмж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоногоор сунаж хичээллэнэ. 2026 оны зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд таарч байгаа. Энэ өдрүүдэд шалгалтын долоо хоног байх зохицуулалт хийсэн. Ингээд амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.

Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг.

Орон нутгийн хувьд өвлийн амралт эхлэх хугацаа нь бага ангийнхан таван долоо хоног, дунд, ахлан ангийнхан дөрвөн долоо хоног амарна. Нэг долоо хоног нь цахим сургалттай. Ингээд мал төллөх үеэр дөрөвдүгээр сард нийслэлийн сурагчдаас нэг долоо хоногоор илүү буюу 14 хоног амарна" гэлээ