Уншиж байна ...
Зураг
Зураг

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх бага хуралд Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцож байна.

Энэ үеэрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесустай уулзжээ. Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийг, тэр дундаа хүүхдүүдийг ханиад томуунаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцаж, санал солилцсон байна.

зураг
 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томууны дэгдэлтийг бууруулахад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын чухлыг Ерөнхий захирал Т. Гебрейесус илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хүүхдийн хавдрын асуудлаар дэвшүүлсэн санаачилгынхаа талаар танилцуулаад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд Монголын талд хүргүүлэхээ илэрхийлж, Монгол Улсыг уг санаачилгад нэгдэхэд дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хурлын хоёр дахь өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын уулзалтад оролцлоо. 

Олон улсын хурал, арга хэмжээний үеэр уламжлал болон зохион байгуулагддаг уг уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар цуглаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг хэлэлцдэг.

зураг
 

Энэ удаагийн хурлаар шилжилтийн үед байгаа Сири Улс дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг оролцоог шийдвэр гаргах түвшинд бий болгох асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэйчүүд, охидод тулгардаг сорилтууд тодорхой бүс нутгаар хязгаарлагддаггүй болохыг тэмдэглээд асуудлыг дэлхийн хэмжээнд авч хэлэлцэх нь чухал ач холбогдолтойг илэрхийлэв.

Жар гаруй жилийн турш зохион байгуулагдаж буй Мюнхений бага хурлын оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжиж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам