"Рио Тинто Монгол" компани "Инвескор" ББСБ-тай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж, "Инвескор" ББСБ-аар дамжуулан 183 бизнест жилийн 4.8 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Тус хөтөлбөрт хамрагдсан жижиг дунд бизнес эрхлэгчид алдаа оноогоо дүгнэж, хөнгөлөлттэй зээл авсны үр дүнд үйл ажиллагаагаа сэргээсэн дурсамжаа хуваалцах хаалтын арга хэмжээ Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа.
Хаалтын арга хэмжээний эхэнд "Рио Тинто Монгол" компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал бизнес эрхлэгчдэд амжилт хүсээд, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хуваалцлаа.
Тэрбээр "Бид үйл ажиллагаа явуулж буй улсынхаа нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд эергээр нөлөөлөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд цар тахлын үед хүндрэлд ороод байсан жижиг, дунд бизнесүүдэд зориулан нэн хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлснээр олон бизнес эрхлэгчид ажлын байраа хадгалж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, хамгийн гол нь цаашид бизнесээ тогтвортой үргэлжлүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагыг бий болгосонд бид туйлын их баяртай байна.
Мөн импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарыг дэмжсэн нь урт хугацаанд Монголын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болоход хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой" хэмээн ярилаа.
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь импортыг орлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгчдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
TERGUN Cashmere брэндийн үүсгэн байгуулагч Г.Түвшинжаргал 2022 онд Рио Тинто Монгол компанийн хөтөлбөрт хамрагдаж, 30 сая төгрөгийн зээлийг "Инвескор" ББСБ-аар дамжуулж эргэлтийн хөрөнгөндөө зарцуулахаар авсан байна.
Цар тахлын дараа үйлдвэрлэл явуулахад маш хүнд нөхцөл үүссэн үед нүдээ олсон зээл болж чадсан талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Одоо бол зээлээ бүрэн төлж дуусгасан. Дүрэм журмынх нь дагуу материалаа явуулсан учраас зээл авахад хүндрэлтэй зүйл байгаагүй. Жилийн 4.8 хувийн хүүтэй байгаа нь бидэнд маш том боломж өгсөн.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй зээл олдоно гэдэг маш чухал юм. Манай брэнд Казахстан, Солонгосын зах зээлд салбар дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа" гэв.
"Инвескор ББСБ" ХК-ийн Бизнес хариуцсан захирал Ш.Оюунчимэг "Бид зөвхөн хөнгөлөлттэй зээл олгохоос гадна жижиг дунд бизнес эрхлэгчидийг үйл ажиллагаа явуулахад ямар мэдлэг мэдээлэл, санхүүгийн боловсрол хэрэгтэй байгаа талаар сургалт хөтөлбөрт хамруулсан.
Зээл олгохын өмнө нь байгаль орчинд ээлтэй болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэмээн зорилтод бүлгээ тодорхойлсон. Бид зээл авч буй хүмүүсээ аль болох солонгоруулахыг хичээж ажилласан.
Цаашдаа дараагийн хамтын ажиллагаа, энэ төрлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр бид ажиллаж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд энэ хөтөлбөр нь ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ маш чухал болсон. "Инвескор" ББСБ нь тогтвортой санхүүжүүлэлтийн чиглэлээр салбартаа түүчээлэн ажилладаг" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!