Монгол Улсад дроны нислэгийн туршилтын олон улсын бүс операторын сургалтын төвийг байгуулж, мэргэшүүлэх тогтолцоог бий болгох талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсад өргөн уудам нутаг, агаарын орон зай байгаа учир нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологийн туршилтын бүсийг байгуулж, хөрөнгө оруулалт татахаар Дархан-Уул аймагт газраа сонгосон, техник эдийн засгийн үзүүлэлтийг хийж байгаа юм байна. Цаашлаад Баянзүрх болон Налайх дүүрэгт уг туршилтын бүсүүдийг байгуулахаар төлөвлөжээ.
Дрон үйлдвэрлэж байгаа дэлхийн бүх улс орныг монголд ирж дроны үйлдвэрлэлээ турших, хамтран ажиллах, технологийг нутагшуулах боломжуудыг эрэлхийлж байгаа аж.
Мөн мэргэжлийн түвшний дрон жолоодогч буюу операторуудын албан ёсны сургалтын стандартыг боловсруулж дуусаж байгаа юм байна. Ингэснээр хөдөө аж ахуй, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бүх салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлж байгууллагын бүтээмж эрс сайжрах боломж байна гэдгийг тэрбээр онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!