Засгийн газрын 100 хоногоор Ерөнхий сайд мэдээлэл хийж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны 1,072 хувьцааны 2024 оны ногдол ашгийг гурав хуваан шилжүүлнэ гэсэн юм.
Түүнчлэн эхний ээлжийн ногдол ашиг буюу 135,000 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд иргэдийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдлийг нь 2025 оны нэг болон хоёрдугаар сард олгохоо мэдэгдэж байв.
Харин он гарснаас хойш ногдол ашгийн сураг тасраад буй. Иймд "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос энэ талаар тодрууллаа.
Тэрбээр "Тухайн үед тус компанийн гуравдугаар улирлын тайлан гарчихсан, ногдол ашиг тараах нь тодорхой болчихсон байсан. "Эрдэнэс Монгол" нэгдлийн хувьд ногдол ашгийг жил бүр нь тараах ёстой гэдэг бодлого барьж байгаа. Нэгэнт хүн хувьцаа эзэмшиж байгаа бол авах ёстой.
Засгийн газар яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэхээр гуравдугаар улирлын дүн гарсан учраас ногдол ашиг тараахад 1,072 хувьцаатай хүнд 300,000 гаруй төгрөг оногдохоор байв. Энэ дүнг давуулахгүйгээр урьдчилгаа мөнгө олгосон юм.
"Эрдэнэс Тавантолгой"-н Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) өөрөө компанийн засаглалаараа нэгж хувьцаа дахь ногдол ашгийг зарласны дараа урьдчилж олгосон дүнг хасаж тооцон иргэдэд шилжүүлнэ.
Жишээлбэл ТУЗ 1,072 хувьцаатай иргэнд 350,000 төгрөг олгоно гэж шийдвэрлэвэл өмнө олгосон мөнгө хасагдаад, 200,000 гаруй төгрөг болж орно гэсэн үг.
Компанийн тухай хуулиараа аудитын тайлан баталгаажсанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, цэвэр ашгаасаа хэдэн төгрөгийг хуваарилахаа шийдэж, иргэдэд олгогдоно" гэв.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт албажаагүй байгаа тул ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Тэгвэл ногдол ашгийг аудитын дүгнэлт баталгаажихаас өмнө нь урьдчилж олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон эсэх талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Эрх зүйн хувьд Компанийн хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Цахилгаан дулааны өртөг нэмэгдсэн нь амьдралд хүнд тусаж байгаа энэ цаг үед ногдол ашиг олгодог хугацаагаа өөрчлөх ёстой юм биш үү гэдэг асуудал Засгийн газар дээр яригдсан. Энэ тохиолдолд эрх зүйн нэлээн томоохон өөрчлөлт хийгдэх ёстой болно гэсэн үг" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!