Монгол Улс 2024 оны эхний 11 сард импортоор нийт 10.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.
Энэ нь 2023 оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор буюу 26.2 хувиар өссөн дүн болсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Импортын гол нэрийн барааны бүтцийн 18.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй бол 9.5 хувь нь суудлын автомашин байна. Дурдсан хугацаанд манай улс гурван тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүн болон суудлын автомашин авахад зарцуулжээ.
Харин импортын хүнсний бүтээгдэхүүний мэдээллээс харахад хамгийн өндөр өссөн нь улаанбуудай болон улаанбуудайн гурил байна. Тодруулбал энэ оны эхний 11 сард өмнөх жилийн мөн үеэс 1.8 дахин их буюу 84.2 мянган тонн улаанбуудай, 6.6 дахин их буюу 55.6 мянган тонн улаанбуудайн гурил импортолжээ.
Түүнчлэн 114.2 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 36.8 хувь өссөн дүн болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!