УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, манай улсын парламент 126 гишүүнтэй болсон билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард зохиогдсон сонгуулийн үеэр сонгуулийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж, хяналт тавих процесс яаж өрнөснийг баримтаар харуулах “Дата эрх чөлөө: Сонгууль 2024” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Norphei Art Gallery"-д боллоо.
Бодлогод залуусын хяналт ТББ-аас санаачилгаар Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг зохион байгуулж эхэлжээ.
Энэ жилийн хувьд дөрөв дэх удаагаа УИХ-ын сонгуулийн явцыг баримттайгаар дэлгэн нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор олон нийтэд танилцуулж байгаа аж.
Тус үзэсгэлэнгээр 2024 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрныг хамарсан, тэдгээрийн онцлох датаг сонгон, танилцуулахаар бэлтгэсэн байна.
Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад оролцсон төр болон төрийн бус талуудын цуглуулсан мэдээлэл, өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулж байгаа юм.
"Blue Mon" барилгын нэгдүгээр давхарт байрлах "Norphei Art Gallery"-д дэлгэсэн уг үзэсгэлэнг энэ сарын 9-13-ыг хүртэл оюутан залуус, судлаач, олон улсын байгууллага, улс төрийн намын төлөөлөлд танилцуулах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!