Уншиж байна ...

Тэг рүү тэмүүлэх нь: Мобиком групп хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 12 сарын 9
Сурталчилгаа
зураг
 

Сүүлийн 50 жилд дэлхийн дундаж температур 1.2°C-ээр өссөн нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлуудыг улам хурцатгаж, дэлхийн эдийн засагт жил бүр 200 тэрбум ам.долларын хохирол учруулахад хүргэж байна. Байгаль орчин, эдийн засаг, нийгэмд ноцтой нөлөөлж буй энэ өөрчлөлтийн гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал юм. Иймээс агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг багасгаж, улмаар тэглэх буюу "хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх" зорилгод хүрэх нь Засгийн газар, компаниуд, бизнес эрхлэгчид, иргэд бүгдийн хариуцлага болоод буй.

Товчхондоо, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхгүйгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломжгүй. Тиймээс ч улс орнууд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн тэнцвэрийг энэ зууны хоёрдугаар хагаст тэглэх үүрэг хүлээж, ялгарлыг бууруулах бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Монгол Улсын хувьд, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд энэ зорилтыг биелүүлэх нь үндэсний болон дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулна. Энэ зорилгод хүрэхэд компаниуд ч үйл ажиллагаанаасаа ялгаруулж буй нүүрсхүчлийн хэмжээг бууруулах, байгальд ээлтэй шийдэл, менежментийг нэвтрүүлэх зэргээр хувь нэмрээ оруулах нь чухал билээ.

Шийдэл ба инновац

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор Мобиком групп 2017 оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Энэ чиглэлд байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр чамгүй ахиц дэвшилд хүрээд буй. Тухайлбал, нарны цахилгаан үүсгүүртэй 8-22 кВт чадал бүхий бие даасан 220 байршлын бааз станцын эрчим хүчийг нарны эх үүсвэрээр хангаж байна. Мөн цахилгаан болон нарны эрчим хүчний хосолсон шийдлээр 6 байршлын бааз станцын эрчим хүчний хэрэглээг зохицуулж байгаа юм. Түүнчлэн 10 кВт-ын нарны цахилгаан үүсгүүртэй нэг дата төв, 18.6 кВт-ын нарны цахилгаан үүсгүүртэй бас нэг дата төвийг ашиглалтад оруулсан.

Үүнээс гадна цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хэрэглээг бууруулах, мөн зөөврийн болон пассив барилгын технологи зэрэг инновацад тулгуурласан шийдлүүдийг нэвтрүүлсээр байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Мобиком групп нийт 4.86 ГВт.ц эрчим хүч хэмнэж, 3368 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулжээ. Энэ нь жилд 1000 гаруй автомашиныг замын хөдөлгөөнөөс хассантай тэнцэх хэмжээний эерэг нөлөө үзүүлсэн гэсэн үг юм.

Цаашид Мобиком групп 2050 он гэхэд үйл ажиллагаанаасаа ялгаруулж буй хүлэмжийн хийн 0 хэмжээнд хүргэх зорилт тавиад буй.

Энэ хүрээнд алсын зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж, интернэт болон зөөврийн компьютер ашиглан ажиллах соёлыг нэвтрүүлэн, дундын оффисын соёлыг нэвтрүүлснээр ажилтнуудын хувийн автомашин хэрэглээг  бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад эерэг нөлөөг үзүүлж байна. Мөн эрчим хүч хэмнэх болон хариуцлагатай хэрэглээний талаар ажилтнууддаа тогтмол сургалт зохион байгуулж, хэрэглээгээ хянах дадлыг төлөвшүүлж буй.

Нөгөө талаас, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улмаар байгальд ээлтэй тогтвортой үйл ажиллагааг бий болгоход чиглэсэн олон санаачилгыг хэрэгжүүлж байна.Тухайлбал,  дизель түлш ашигладаг генераторыг халж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон батарей хуримтлуурыг түлхүү ашиглах, байгальд ээлтэй техник, тээврийн хэрэгсэл, тухайлбал цахилгаан автомашины хэрэглээ руу шилжихийг зорьж байна.

Эдгээр арга хэмжээ нь зөвхөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгууллагын нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах, улмаар урт хугацаандаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.