Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

НЭМҮТ: Agaar.mn байршсан агаарын чанарын индексийг иргэд харж хэвшин хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 6
IKON.MN
Зураг зураг

ХӨСҮТ, ЭНЭҮТ, НЭМҮТ-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалтын мэдээлэл ба агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр НЭМҮТ-ийн орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Б.Сувд "Агаар дахь PM 2.5, PM 10 нь амьсгалагддаг тоосонцор учир нян вирусийн дамжуулагч болж байдаг. Уг тоосонцор стандарт хэмжээнд хүртэл буурч чадаагүй байна. Иймд үүнийг бууртал амны хаалт зүүх нь чухал юм. 

Амьсгалын замын нийт өвчлөл болон зүрх судасны өвчлөлийн 20 хувь нь агаарын бохирдлоос улбаатай байна. Мөн уг хоёр өвчлөлийн хавсарсан тохиолдлын 30 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байна гэсэн судалгаа гарсан байдаг. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахгүй бол хохирлыг нь хүүхдүүд амсаж байна. Хүүхэд өөрсдийгөө хамгаалж, өвдөж байгаа шинж тэмдгээ илэрхийлж чадахгүй. Эд, эрхтэн болон дархлааны тогтолцоо нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа учир бохирдлыг хамгийн эмзгээр хүлээн авч өвчилж байна. 

Иймд төр засгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Түүнээс өмнө эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй байна. 

Agaar.mn-д агаарын чанарын индекс байршил байршлаараа гарч ирдэг. 0-50 хооронд ногоон өнгөтэй байвал агаар цэвэр байна. 250-аас дээш болоод улаан болоод ирвэл амны хаалтаа зүүгээрэй гэх мэтээр зөвлөмжийг нь өгчихсөн байдаг. Иймд иргэд түүнийг харж хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй" гэв. 

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ ХАРАХ БОЛ ЭНД ДАРНА УУ. 

Мөн Ikon.mn сайтын нүүр хуудасны толгой хэсэгт байршиж буй УБ агаарын чанар хэсгээс тухайн өдрийн агаарын чанарын индексийг харах боломжтой. 

зураг
 

"Агаарын бохирдол ихтэй газар вирусийн халдвар илүү их явагдана"

Түүнчлэн халдварт өвчнийг эсэргүүцдэг бие организмын чадавх нь маш олон хүчин зүйлсээс хамаарч сулардаг. Агаарын бохирдол халдварыг эсэргүүцэх чадварыг бууруулж байдаг. Агаарын бохирдол ихтэй газар вирусийн халдвар илүү их явагдана гэдгийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул онцлов.