Уншиж байна ...
Зураг
Зураг

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй нэг санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг тайлбарласан. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.

Х.Ганхуяг гишүүн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ийнхүү тодорхой төрлийн ашигт малтмал дээр тусгайлан зохицуулах нь оновчтой эсэхээр тодруулсан. Цацраг идэвхт ашигт малтмал учраас Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зохицуулах нь оновчтой, бусад тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Үргэлжлүүлэн М.Бадамсүрэн гишүүн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуваарилалттай холбоотой асуудлаар, Л.Мөнхбаясгалан гишүүн энэхүү төслөөс бүс нутагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын үр ашгийн талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Энэ зүйлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал нар асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төслийн мөн зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Үргэлжлүүлэн төслийн 4 дүгээр зүйлийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд энэ зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. Төслийн 5 дугаар зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй.

Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.