Уншиж байна ...
Зураг
Зураг

Ш.Сувдбагана: Үл хөдлөх хөрөнгийн салбарын харилцагч нарт зориулж нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байна

ikon.mn
2024 оны 11 сарын 12
Сурталчилгаа

Ажлын байрныхаа ханийг шагнал, цомоор бүрсэн RE/MAX SKY брокер оффисын гүйцэтгэх захирал Ш.Сувдбаганатай байгууллагын дотоод соёл болон 250 гаруй агенттай болтол үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан арга туршлага, үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар ярилцлаа. 

Тэрбээр 2018 онд RE/MAX SKY оффист ажилд орж байсан бөгөөд нэг жил агент, дөрвөн жил гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй туршлагатай удирдагч бүсгүй юм. 

Цөмийн физикч мэргэжилтэй Ш.Сувдбагана захирлын хувьд анх ажилд ороход RE/MAX SKY-ийн байгууллагын соёл, дотоод уур амьсгал нь гадаадын компани шиг мэдрэмж төрүүлсэн учраас өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа аж. Мөн агент бүрдээ тусгайчлан заавар зөвлөгөө өгч, чин сэтгэлээсээ ажиллахыг зорьдог чадварлаг нэгэн юм.  

зураг
 

- Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч буюу агент нар яг юу хийдгийг хүмүүс их асуудаг. Та энэ талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү? 

- Агентуудыг зөвхөн байр зардаг гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр агентууд өөрсдийн гэсэн нэр хүндийг үүсгэж, түүнийгээ зарж байгаа юм. Агент хүний хамгийн гол зорилго бол өөрт нь хандсан харилцагчдад сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлэх ёстой.

Тухайн үед тохиролцоо, гүйлгээ гарах эсэх нь хамаагүй. Харилцаж буй хүндээ чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлж чадвал харилцагчаас харилцагч гарч ирдэг. Тиймээс өөрийн гэсэн харилцагчтай болох хэрэгтэй. Урт хугацаанд өөрийн гэсэн харилцагчтай болсноор бизнес нь тогтворжиж, ашиг орлого нь тогтмол болдог. 

Байрыг хүнд шахаж зарах бус үнэн бодит мэдээллийг харилцагчдад өгч сэтгэлээсээ туслах хэрэгтэй. Байр зарагдах эсэх нь дараагийн асуудал, сэтгэл хангалуун үлдсэн харилцагч өөрийн таньдаг хүндээ үйлчлүүлж байсан агентаа санал болгодог.

Манай оффисын туршлагатай агентууд өөрсдийн гэсэн харилцагчтай болчихсон. Урт хугацаанд харилцагчаа халамжилж чадсан агент тогтмол өндөр амжилт үзүүлдэг. 

DIAMOND ЦОЛТОЙ АГЕНТ ОРЛОГЫНХОО 90 ХУВИЙГ ӨӨРӨӨ АВЧ, САР БҮР 20 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙГ ТОГТМОЛ ОЛЖ БАЙНА

зураг
 

- GenZ үеийнхэн ажлын байранд гарч ирж байгаа. RE/MAX SKY оффист GenZ үеийн залуучууд хэр их байдаг вэ? 

- Манай брокер оффист GenZ үеийн залуучууд тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Гэхдээ агентын ажлыг насны хувьд залуу хүн хийдэг биш юм шиг. Харилцагчийн чухал шийдвэрт оролцох гэж буй хүн туршлагатай байх ёстой ажиглагдсан. 

Миний харж буйгаар хүн 30 нас гараад, өмнөх амьдралын туршлага дээрээ үндэслэж агентын бизнесийг хийвэл амжилтад хүрэх болов уу. Борлуулалтаасаа цалинждаг бизнес учраас бага зэргийн эрсдэлтэй гэдгийг залуучуудад сануулах нь зөв байх.

- Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэх ажлыг хийхэд ямар зан чанар хамгийн чухал вэ? 

- Энэ салбарын ажиллахын тулд тууштай зан чанар маш чухал. Нэг сар сайн мөнгө олсныхоо дараа амарчихдаг бол амжилт бага зэрэг савлагаатай харагддаг.

АЖИЛДАА ТУУШТАЙ, ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДВАЛ RE/MAX-Т АМЖИЛТ ГАРГАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮГҮЙ

зураг
 

- RE/MAX SKY оффист ажилладаг агентууд сард хэдэн төгрөгийн орлоготой вэ?

- Агентууд цолоосоо хамаарч өөр өөр орлоготой. Хамгийн анх орж ирсэн хүн стандарт буюу орлогоо 50/50 хувь хувааж авахаар гэрээ хийдэг. Тодорхой шаардлага хангасны дараа Silver цолтой болж 60/40 хувиар орлогоо хуваадаг. Иймэрхүү байдлаар явсаар хамгийн дээд цол болох Diamond цолтой агент болж орлогынхоо 90 хувийг өөрөө авдаг болно. 

RE/MAX агент төвтэй бизнес учраас сайн ажиллах тусам орлого нь нэмэгдэнэ гэсэн үг. Зарим агент брокер оффисоос илүү өндөр орлоготой ажилладаг. Манай оффист 250 гаруй агент байгаагийн 50 гаруй хувь нь цолтой болсон. 

Бид жил бүр агентуудынхаа орлогыг тооцож үздэг. 2023 оны тооцооллоор RE/MAX SKY оффисын стандарт агентын сарын дундаж орлого 2.1 сая төгрөг, Silver агентынх 3.7 сая, Gold цолтой агентынх 5-7 сая төгрөг, Platinum цолтой агентынх 15 сая төгрөг, Diamond цолтой агент 20 сая орчим төгрөгийг сар бүр олж байна. 

зураг
 

- Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар харилцагчаа хэрхэн олдог вэ. Агентууд өөрсдөө олох уу? 

- Ихэвчлэн агентууд олдог. Гэхдээ RE/MAX SKY оффисын нэр хүндийг ашиглаж олж байгаа. RE/MAX-ийн 1,200 гаруй агентууд хоорондоо хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл агентууд зарах үл хөдлөх хөрөнгөө нэгдсэн мэдээллийн сан руу оруулдаг. Миний оруулсан байрыг 1,200 агент борлуулах боломжтой. 

Иймэрхүү байдлаар агентууд хоорондоо хамтарч системтэй, далайцтай ажиллаж байгаа болохоор RE/MAX хүчтэй байгаагийн нууц нь үүнд оршдог. Харилцагчийн байрыг зарах гэрээ хийхийнхээ өмнө "таны байрыг зарахын тулд 1,000 гаруй агент зэрэг ажилладаг" гэдгийг маш сайн ойлгуулдаг. RE/MAX SKY агент гэхээр тодорхой хэмжээний нэр хүндтэй болчихсон.

- RE/MAX SKY оффис 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 250 агенттай болтол өргөжиж тэлсэн байна. Энэ хугацаанд танай оффисыг амжилтад хүргэсэн арга туршлагаасаа хуваалцана уу? 

- RE/MAX SKY оффис 100 гаруй агенттай. Манайхаас салаалж гарсан RE/MAX HUB гэх оффистой нийлээд 250 гаруй агенттай болсон байна.

Агент бол бидний доор ажилладаг ажилтан биш. Харин бидэнтэй хамтарч бизнес хийж буй хамтрагчид юм. Бид агенттайгаа ажилтан шиг харьцдаггүй. Бизнесийн хамтрагч шиг бие биедээ хүндэтгэлтэй, харилцан ашигтай ажилладаг. 

Ер нь брокер оффис агентуудад менежментийн үйлчилгээ үзүүлдэг гэж болно. Тухайн бизнесийг хийхэд шаардлагатай байгаа сургалт, хөгжүүлэлт, орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Агентуудыг сайн ойлгож дэмждэгт тэд дуртай. Тиймээс агентууд маань найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээ манай оффист урьж ажиллуулсаар өнөр өтгөн болжээ.

RE/MAX HUB, RE/MAX SKY хоёр оффис багийн системээр ажилладаг. Агентуудын төлөөлөл болох багийн ахлагч нар дотоод асуудлаа бидэнтэй хамтран шийдэх арга туршлагыг оффистоо нэвтрүүлсэн нь өнөөгийн амжилтад хүргэсэн гэж болно. 

Түүнчлэн би оффис дээр эрт ирж, агентуудтай өглөөний цай уух үедээ чин сэтгэлийн яриа өрнүүлдэг. Энэ нь компанийн дотоод уур амьсгалыг дотно болгож, агентуудын ажлын бүтээмжид нөлөөлдөг юм шиг санагдсан. 

УРТ ХУГАЦААНД ХАРИЛЦАГЧАА ХАЛАМЖИЛЖ ЧАДСАН АГЕНТ ТОГТМОЛ ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛДЭГ

зураг
 

- Танай оффис шагналаар дүүрэн харагдаж байна. RE/MAX-ийн бусад брокер эзэмшигчдээс RE/MAX SKY юугаараа давуу талтай вэ? 

- Манай оффис 2017 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж байсан. Ийнхүү 2018 оноос хойш RE/MAX Mongolia бүсийн шилдэг брокер оффисоор зургаан жил тасралтгүй шалгарсан. 

Бид дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн Монголын хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдийг бий болгож, харилцан ашигтай ажиллахыг гол бодлогоо болгосон. 

Агентууд өсөж байгаа учраас ажилдаа дурлаж улам олуулаа болсон. Анх агентууддаа зориулж нэг сургалт зохион байгуулж байсан. Удахгүй сургалтынхаа тоог нэмж явсаар өнөөдөр дотооддоо 20 гаруй сургалт явуулдаг болжээ.

Гол нь тасралтгүй хөгжүүлж чадсан бизнес учраас өнөөдрийн энэхүү амжилтад хүрсэн гэж ойлгодог. Үйл ажиллагаа, системийн хувьд бусдаас давуу талтай байна гэсэн үг. 

Үл хөдлөх хөрөнгийн салбарын харилцагч нарт зориулж нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Жишээлбэл нүүлгэлт, цэвэрлэгээ, тавилгын компанитай хамтарч манай оффисыг зорьж ирсэн харилцагчдад цогц үйлчилгээ үзүүлдэг.

зураг
 

- Байраа зарах гээд эргэлзэж буй хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүст зориулж олон жил амжилттай ажилласан гүйцэтгэх захирал хүний үүднээс зөвлөгөө өгнө үү? 

- Байр худалдах гээд зар тавьж, утсаар ярих, очиж үзүүлэх завгүй хүмүүс олон бий. Бид цагийг хэмнэж өгдөг, зөвхөн гэрээ хийхийн өмнө нь таныг дуудна. 

Мөн түрээсийн байранд орчхоод түрээсээ төлөхгүй яваад буй хүмүүсийг өөрсдийн дотоод мэдээллийн сан буюу black list гэх зүйл рүү оруулдаг. Ингэснээр харилцагч нарт найдвартай, баталгаатай зүйлийг санал болгож байгаа юм. 

Бид орон сууц хайж байгаа буюу худалдан авагч талаас шимтгэл авдаггүй. Байршил, төсөв гэх мэт мэдээллүүдээ агентад тодорхой хэлбэл тохирсон байрыг нь санал болгодог. Хүссэн байрыг нь олж өгснийхөө төлөө нэмэлт төлбөр авахгүй учраас та бүхэнд ашигтай. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.