Уншиж байна ...
Зураг
Зураг

“Боломжийг Бүгдэд II” төсөл Хангайн бүсэд үргэлжилсээр...

ikon.mn
2024 оны 11 сарын 9
ikon.mn
Зураг зураг

Тусгай Олимп нь биеийн тамир, спортоор дамжуулан Оюуны онцлогтой иргэдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх тэдний эрхийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг Төрийн бус байгууллага билээ.

Оюуны онцгой хөгжилтэй хүүхэд залууст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмшүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой спортын хүмүүнлэгийн байгууллага юм.

Монголын Тусгай Олимпын Хороо нь 2013 онд байгуулагдсанаас хойш 5000 гаруй Оюуны бэрхшээлтэй хүүхэд-залуусыг эгнээндээ хамруулан биеийн тамир, спорт, эрүүл мэнд, боловсрол, манлайллын мэдлэгийг олгож,  нийгмийн олон талт нөлөөллийн ажиллагаа явуулж ирсэн билээ.

зураг
 

Бид орон нутагт нөлөөллийн ажлаа үргэлжлүүлэн энэ удаа Голомт банк, Мобиком корпораци, Ротари Улаанбаатар клубийн дэмжлэгтэйгээр МТОХ, Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Хангайн бүсийн “Боломжийг бүгдэд-II” төслийг 2024 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд  Арвайхээр хотноо амжилттай хэрэгжүүлээ.

Уг төсөлд Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл зэрэг аймгуудаас 70 гаруй оюуны онцгой хөгжилтэй иргэд, тэдний асран хамгаалагчид буюу эцэг эхчүүд, албаны 170 гаруй төлөөлөгчид хуран цугларч спорт, эрүүл мэнд, хүртээмжтэй боловсролын цогц үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдлаа. 

зураг
 

Оюуны онцгой хөгжилтэй иргэдийг биеийн тамир, спортоор дамжуулан хөгжүүлж, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэхэд төр болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага хамтран нийт оролцогчдодоо таниулж, мэдээллээ дамжуулан, туршлага солилцох зорилготой төсөл мөн.

Хөдөө орон нутагт зорилтот бүлгийн иргэд энэ төрлийн үйл ажиллагаанд төдийлөн идэвхтэй хамрагдаж чадахгүй, тэдний асран хамгаалагчид мэдээллээр дутмаг байгааг Тусгай Олимпын ивээн тэтгэгчид анзаарч энэхүү төслийг санаачлан, 2 дахь удаагаа буюу энэ удаа Хангайн бүсэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн ХҮРТЭЭМЖТЭЙ, ТЭГШ ОРОЛЦООТОЙ нийгмийг цогцлоох Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах зорилготойгоор зохион байгуулагдсан билээ.

зураг
 
зураг
 

Нийт оролцогчид сургалт, эрүүл мэндийн үзлэг, спортын гэсэн үндсэн хэсгүүдэд хамрагдаж шаардлагатай мэдээллээ авахын зэрэгцээ Монголын Тусгай Олимпын Хорооны хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, тэр дундаа Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хамтарсан сургууль” төслийн танилцуулгыг нийт оролцогчдод болон 6 аймгийн боловсролын салбарын төлөөлөлд өгч, цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцсан бөгөөд Арвайхээр сумын 1,2,4,5, Тэмүүлэл Эрдэм Ерөнхий боловсролын сургууль, Өвөрхангай аймгийн болон Арвайхээр сумын ЗДТГ-тай  тус тус санамж бичигт гарын үсэг зурлаа.

зураг
 
зураг
 

Мөн Тусгай Олимпын хөдөлгөөнийг орон нутагт эрчимтэй түгээж, зорилтот бүлэгт илүү ойртож, мэдээллээр хангах зорилгоор Монголын Тусгай Олимпын Хорооны Хангайн бүсийн салбарыг Арвайхээр хотноо албан ёсоор нээж байна.

Салбарыг  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш, Монгол улсын зөвлөх багш, Монголын Тусгай Олимпын Хорооны дасгалжуулагч Хайдавын Пүрэвсүрэн хариуцаж ажиллана. Энэхүү салбарын зорилго нь МТОХ-той хамтран ажиллах, тэр дундаа Тусгай Олимпын хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэн аймгуудын оролцоог жигд хангахад салбарын үндсэн чиглэл оршино.

Тусгай Олимпын үндсэн зорилтын нэг нь эрүүл мэндийн үзлэг баг тамирчдаа хамруулан, цаашид спортоор хичээллэхэд бие бялдрын ерөнхий дүгнэлт гарсан байх шаардлагатай байдаг. Энэ үүднээс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төв, АШУИС, Клиникийн 1-р эмнэлгийн багш, эмч сайн дураар чих хамар хоолой, нүд, амны хөндийн эрүүл ахуй, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэгт нийт тамирчдаа хамруулан, зөвлөгөө өглөө.

зураг
 

Тусгай Олимпын спортын төрөлд багтах бочи, ширээний теннис, бадминтон зэрэг спортуудыг таниулан ХАМТАРСАН СПОРТ өдөрлөгийг хийж, асран хамгаалагч, сайн дурын ажилтан, ивээн тэтгэгч нарыг жигд хамруулсан нь ХҮРТЭЭМЖТЭЙ СПОРТЫН нэгэн хэсгийг таниулсанд оролцогчид сэтгэл хангалуун, баяр хөөртэй байлаа.

Энэ төслийн үеэр Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-17-ны өдрүүдэд зохиогдох  Тусгай Олимпын Дэлхийн Өвлийн наадамд Хангайн бүсээс оролцох орон нутгийн 5 тамирчин, 2 дасгалжуулагч багшид батламжийг гардууллаа. Өвлийн Наадамд Монгол улсаа төлөөлөн 6 спортоор 24 тамирчин оролцоно.

зураг
 

МТОХ-ны БОЛОМЖИЙГ БҮГДЭД II төслийн ивээн тэтгэгчид болох Голомт банк, Мобиком корпорацын төв салбарын болон Арвайхээр сумын ажилтнууд, Улаанбаатар Ротари клубийн удирдлагууд сайн дурын ажилтны үүрэгтэйгээр оролцож төслийн мөн чанарыг өөрийн биеэр ойлгож ажилласан нь бас нэгэн БОЛОМЖ байлаа.