Уншиж байна ...
Зураг
Зураг

Ботсвана улсыг бараг 60 жил тасралтгүй удирдсан нам сонгуульд ялагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Ботсвана улсад болсон парламентын сонгуульд 58 жил тус улсыг удирдсан эрх баригч нам ялагдаж, сөрөг хүчин олонх болсон нь төсөөлж байгаагүй гэнэтийн үр дүн болжээ.

Лхагва гарагт болсон сонгуульд эрх баригч Ботсванын Ардчилсан Нам ялагдаж, сөрөг хүчний Ардчилсан Өөрчлөлтийн Шүхэр нам ялалт байгуулсан нь Баасан гарагт тодорхой болсон байна.

Тус улсын парламентад хамгийн олон суудалтай нам ерөнхийлөгчийг томилдог юм.

Баасан гарагт ерөнхийлөгч Мокгвеетси Масиси нам нь ялагдсаныг хүлээн зөвшөөрч, эрх мэдлээ шилжүүлэхэд бэлэн байгаагаа зарлажээ.

“Маргаашаас би эрх мэдэл шилжүүлэх ажлыг эхлүүлэх болно” гэж тэр сошиал хуудсаараа мэдэгдсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Ботсванын сонгуулийн 61 тойргийн 58-ын үр дүн гарсны дараах байдлаар сөрөг хүчний нам 35 суудалтай болсон байжээ.

Энэ нь парламентад олонх болох босгоноос дөрвөн суудлаар илүү гарсан гэсэн үг юм.

Эрх баригч нам энэ сонгуульд өрсөлдсөн дөрвөн намаас хамгийн сүүлд жагсаж, ердөө дөрвөн суудалтай үлдсэн байна.

Ботсванын Ардчилсан Нам 2.5 сая хүн амтай тус улсыг 1966 онд Британийн колоничлолоос гарснаас хойш тасралтгүй удирдаж байсан юм.

Сонгогчдын санаа ингэж огцом эргэсэн нь эдийн засгийн хүндрэлийг тэвчих аргагүй болсонтой холбоотой гэлцэж байна.

Ботсвана бол алмааз эрдэнийн чулууны экспортоос бүрэн хамааралтай эдийн засагтай улс юм.

Үүнийхээ үр шимд ботсваначууд Африкийн ихэнх улс орны иргэдээс дээр амьдардаг байв.

Тухайлбал 2023 онд тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $7,250 байжээ. Харьцуулбал Сахарын цөлийн өмнөд бүсийн Африкийн орнуудын дундаж $4,800 байдаг.

Гэвч энэ онд дэлхийн зах зээлд алмааз чулууны үнэ ханш унаснаас Ботсванын эдийн засаг дөнгөж нэг хувиар өсөж, ажилгүйдэл 28 хувьд хүрч нэмэгджээ.

Ботсвана улс алмааз эрдэнийн чулууны дэлхийн гол олборлогчдын нэг бөгөөд засгийн газар нь Anglo American группийн эрдэнийн чулууны салбарын олборлогч De Beers компанийн 15 хувийг эзэмшдэг.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн онд энэ эзэмшил хувиа өсгөх асуудлаар De Beers компанитай яриа хэлэлцээ явуулж байв.

Сөрөг хүчнээс тодорсон шинэ ерөнхийлөгч Дума Боко “Бид алмааз эрдэнийн чулуунаас хамааралтай эдийн засагтай. Тиймээс бидэнд алтан өндөг гаргаж өгдөг галуугаа аль болох урт хугацаанд хамгаалахыг хичээх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Тэрбээр аль болох хурдан De Beers компанитай уулзаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээ амласан байна.

“Бодит байдал дээр тэд ямар ч тохиролцоо хийлгүй гараад явах ч боломжтой тул манай улс орон маш аюултай нөхцөл байдалд байна” гэж Боко хэлжээ.

Сонгуулийн үр дүн гарсны дараа Баасан гарагийн орой нийслэл Габороне хотод байдал нам тайван, сөрөг хүчний зарим дэмжигчид баяраа тэмдэглэж байсан юм.

Энэ оны сонгуулиар Африк тивийн өмнөд бүсийн хамгийн урт төр барьсан хоёр нам дараалан ялагдаад байна.

Ботсванаас өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсыг 30 жил удирдсан Африкийн Конгресс нам парламентад олонхын суудлаа алдсан юм.

Энэ хоёр улсын хөрш Намиби улсад удахгүй парламентын сонгууль болох бөгөөд 1990 оноос хойш төр барьсан SWAPO нам хүнд хэцүү нөхцөлд өрсөлдөж байгаа.

“Ботсванын сонгуулийн үр дүн Африкийн өмнөд бүсийн орнуудын урт удаан төр барьсан намуудад том анхааруулга болж байна. Эдийн засгийн өсөлт, ажлын байргүйгээр улс төрд ноёлох боломжгүйг энэ сонгууль харууллаа” гэж Pangea-Risk судалгааны компанийн Африкийн шинжээч Зайнаб Хоосен тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Reuters