Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ука: Манай хамтлагийн ихэнх сонсогч ээжүүд, амжилтад хүрсэн эмэгтэйчүүд байгаа байх. Бидэнтэй хамт сайхан дурсамжаараа аялаарай

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Киви” хамтлагийн гишүүд “Special night” тоглолтынхоо талаараа мэдээлэл хийлээ.

Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Бид хамтлагийн ойтойгоо давхцуулаад буюу арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд үзэгч, сонсогчидтой онцгой хоёр оройг өнгөрөөх гэж байна. Бидний тоглолт шинэчлэгдсэн цирк “Аса арена”-д болно” гэлээ.

Тус тоглолтын найруулгыг “Skin entertainment” хариуцаж байгаа бөгөөд дахин давтагдахгүй тансаг үдшийг фэнүүддээ зориулна гэдгийг хамтлагийн зүгээс онцолсон. Мөн тоглолтын тасалбар борлуулалтыг EventX Mongolia хариуцаж байгаа аж.

Тоглолтын тасалбарын талаар EventX Mongolia-гийн захирал н.Чулуунбаатар “Киви хамтлагийн 20 жилийн ойд зориулсан тоглолт арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-н гэсэн хоёрхон өдөр болно. Зөвхөн нэг өдрийнх нь 1,500-хан хүнд зориулсан special  тоглолт. Тасалбарыг EventX.mn сайтаас худалдан авах боломжтой" гэв. 

Үүнээс гадна энэхүү тоглолт АСА циркэд болж байгаагаараа онцлогтой. Циркийн барилгын дээд хэсгээс тоглолтын тайзыг бүтнээр нь харах боломжтой. Доор нь fan zone байрлана. Харин яг тайзны урд VIP хэсэг байх юм” гэдэг мэдээлэл өглөө.

Хамтлагийн гишүүн Ц.Намуун “Хамтлаг маань 2004 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй уран бүтээлээ хийсээр байгаа. Бидний бүх дуу клиптэй. Энэ хугацаанд бид долоон цомог, хоёр DVD гаргасан байна. Мөн өмнө нь гурван удаа бүрэн хэмжээний тоглолт хийж байлаа. Ойрын хугацаанд хийгээгүй том тоглолт болох учраас бид өөрсдөө маш их догдолж байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Бид тоглолтын бэлтгэлдээ орсон. 20 жилийн өмнө дуулж байсан дуунуудаа сонсоход өөрсдийгөө зөгнөж, их гоё жаргалтай үгтэй дуунууд сонгож байсан юм билээ. “Том” болоогүй байхдаа дуулж байсан дуунуудад маань одоогийн бидний насны бүсгүйчүүдийн үзэл бодол, эморол, хямрал гээд бүгд байна. Эргээд харахад дууны үгнүүд маань их сонирхолтой байсан. Зарим нь бүр ичмээр ч юм шиг. Жаахан байх даа яаж ингэж дуулсан байна аа гэмээр.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Киви хамтлагийн ихэнх сонсогчид одоо ээжүүд, амжилтад хүрсэн сайхан эмэгтэйчүүд байгаа байх. Бидэнтэй хамт сайхан дурсамжаараа аялаасай гэж хүсэж байна” гэлээ.

Тэрбээр мөн яриан дундаа хошигноод амжсан. “Бидний насны эмэгтэйчүүд тоглолтыг маань сандалтай байна биз дээ гэж их асуудаг. Бид нар ч өөрсдөө тийм болсон юм билээ. Та нар маань хүссэнээрээ тухлан сууж сонирхоорой. "Аса арена"-гийн дээд талын суудал надад маш таалагдаж байгаа. Бүхнийг дээрээс нь харах дуртай хүмүүст яг таарах байршил. Шинэчлэгдэн "Аса арена" нэртэй болсон энэ газарт бид анх удаа тоглолт хийх гэж байгаа нь бас нэг онцлог байх болов уу” гэсэн юм.   

Тус тоглолтод зочин уран бүтээлч цөөн байх бөгөөд зөвхөн Кивигийнхэн үзэгчидтэйгээ үдшийг өнгөрөөх ажээ.