Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чарльз хаан: Бүгд Найрамдах Улс болох эсэх нь Австралийн ард түмний шийдэх асуудал

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Австрали улс үндсэн хуульт хаант засаглалаас бүгд найрамдах улсын засаглалд шилжих эсэх асуудлыг тус улсын ард түмэн шийдэх ёстойг Их Британийн хаан Чарльз мэдэгджээ.

Тэрбээр ирэх долоо хоногт хатан Камиллагийн хамт Австрали улсад айлчлах гэж байгаа юм.

Энэ айлчлалын үеэр Австралийн ирээдүйн засаглалын хэлбэр ямар байх асуудал сөхөгдөх нь гарцаагүй болоод байна.

Тухайлбал Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний төлөөлөгчид айлчлалын үеэр хаантай уулзах хүсэлтээ Букингэмийн ордонд ирүүлж байжээ.

Букингэмийн ордон уг хүсэлтэд хаан Чарльзын нэрийн өмнөөс хариу өгснөө өчигдөр нийтэд ил болгосон юм байна.

1999 онд Австралид засаглалын хэлбэрээ солих эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахад иргэдийн олонх нь үндсэн хуульт хаант засаглалаа хэвээр хадгалах хувилбарыг сонгож байжээ.

Энэ оны эхээр Австралийн засгийн газар дахин ийм санал хураалт зохион байгуулах төлөвлөгөө ойрын үед байхгүйг мэдэгдэж байв.

Гэвч бүгд найрамдахчууд Австралийн төрийн тэргүүн нь Их Британийн хаан биш, өөрсдийнх нь сонгосон хүн байх ёстой гэж үздэг.

Чарльз хааны айлчлалын тов гарсны дараа Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний тэргүүн Айсаак Жефри “Манай улсын түүхэнд өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн хааны үүргийг бид хүндэлдэг ч австраличууд өөрийн төрийн тэргүүнийг сонгодог болох цаг нь ирсэн гэж бодож байна. Австралийн төлөө бүтэн цагаар ажилладаг хэн нэгэн байх хэрэгтэй” гэж ярьжээ.

Ингэхдээ Австрали улс засаглалаа сольсон ч Британийн Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Холбоонд хэвээр үлдэх боломжтойг тэр тайлбарлаж байв.

Энэ оны эхээр хорт хавдартай болсон нь оношлогдож, эмчилгээ эхлүүлснээсээ хойш Чарльз хаан хамгийн алс хол аялах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд тэр ганцхан удаа гадаадад зорчсон нь D-Day (дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнууд оролцож эхэлсэн) түүхэн үйл явдлын ойн арга хэмжээнд оролцохоор Франц улсад хийсэн айлчлал байлаа.

Австралид айлчилсныхдаа дараа хаантан Самоа улсад зохион байгуулагдах Хамтын Нөхөрлөлийн Орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцох юм.

 

Эх сурвалж: BBC