Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангулы Бердымухамедовтой уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн юм.
Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлцгээлээ.
Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм.
Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!