Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох цаг болсон

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тус хуулийн төсөлтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуульд буй нэг заалт дээр дүгнэлт гаргасан. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна, хүний эрхийг дордуулсан маягтай хэрэглэж байна гэх үндэслэлээр юм. 

Энэ үндэслэл нь зөвхөн Цагдаагийн албаны тухай хуульд байгаа. Тиймээс Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэж байгаа болохоос биш хуульгүйгээр иймэрхүү үйл ажиллагаа явуулж буй байгууллага цаана нь цөөн биш байна. Жишээлбэл Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар гэх мэт. 

Иймээс Хууль зүйн байнгын хороо мэргэжлийн байдлаар асуудалд хандаж, байгууллагын дарга эсвэл ерөнхий прокурорын журмаар иргэний үндсэн эрх рүү халддаг халдлагыг зогсоох цаг болсон. 

Монгол Улсын Үндсэн хуульд "иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана" гэж маш тодорхой заасан. Гэтэл байгууллагын даргын гаргасан заавар журмаар хязгаарладаг үйл явдал 30 жил оршин тогтнож байна. 

Жишээлбэл Гаалийн байгууллага иргэний өмч хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, битүүмжилж хурааж авах, түр саатуулах үйл ажиллагаа явуулахдаа байгууллагын даргын гаргасан журмаар явж байгаа. 

Цагдаагийн байгууллагад л ганцхан иймэрхүү хууль бий. Тэгэхээр хууль сахиулах ажиллагааны хууль үнэхээр хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгө, бие, орон байр гэдэг нэг л объект юм. Үүнийг байгууллага бүхэн өөрийн өнцөг, журмаар халдаж болохгүй. Хуулийн нэг л стандарт байх ёстой. 

Тиймээс УИХ-аас тогтоол, Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгч, хууль сахиулах ажиллагааны хуулийг оруулж ирээрэй. Энэ хуулиар төрийн ямар байгууллага байхаас үл шалтгаалан иргэний өмч хөрөнгө, орон байр, хувь хүний биеийг саатуулж байгаа бол нэг стандарт, нэг журмаар халдана.

Гадаадад очоод онгоцны буудалд буухад гаалийн байцаагч тухайн хүний бие, эд зүйлд үзлэг хийхдээ хууль сахиулах хуулийг барьдаг. Хэрэв тухайн хүний тээшнээс хар тамхи гарч ирвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны стандартыг дагаж, нотлох баримт болгох ёстой. Байгууллагын журам болон өөр хуулиар иймэрхүү ажиллагаа хийдэггүй гэж хэлдэг. 

Гэтэл манай улс иргэн рүү хуульгүйгээр халддаг жишгийг 30 жил тогтоочихлоо. Зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөх биш. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг гаргаж ирээд, АТГ, ШШГЕГ, ГЕГ, Цагдаагийн байгууллага гэх мэт ялгаагүй нэг хууль, нэг стандартаар хүний эрх рүү халддаг, хязгаарладаг байх ёстой.

Хэрэв алдаа гарсан бол энэ хуулийн дагуу хэмжигдэж өөрсдөө хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжих ёстой. Энэ удаагийн Цагдаагийн албаны тухай хуулийн өөрчлөлт бол түр зохицуулалт юм" хэмээн ярив.