Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн оролцогчид “Монголын уул уурхайн 7 хоног” чуулга уулзалтад сайн туршлагаа хуваалцаж байна

ikon.mn
2024 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Mongolian Mining Week&MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр Налайх дүүрэгт, Тайж хайрхны бэлд эхэллээ. Монголын уул уурхайн долоо хоног чуулга уулзалт гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил Улаанбаатар хотоос зайдуу, 102 жилийн өмнө нээсэн Монгол Улсын анхны нүүрсний уурхай буюу Налайхын районд зохион байгуулагдаж байна.

Энэ жил уул уурхайн томоохон компаниуд болон гадаад, дотоодын хамтран оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах, хамтын ажиллагаа, ханган нийлүүлэлтээ өргөжүүлэх хүрээнд MinePro олон улсын үзэсгэлэнг дэлгэжээ.

Томоохон оролцогчид өөрсдийн бүүтэд /асар/ уул уурхайн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэлт, санхүүжилттэй холбоотой шилдэг туршлага, ноу-хаугаа хуваалцаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог байв.

Эхний өдөр /2024.10.02/ “Оюу толгой” компани өөрийн бүүт дээрээ орон нутагт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд, ханган нийлүүлэгчийн сайн туршлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, мэдээллээ хуваалцсан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 500 гаруй төслийг санхүүжүүлжээ

Оюу толгой компани, Өмнөговь аймаг, Ханбогд сум гэсэн гурван талын хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг байгуулж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Оюу толгой компаниас жил бүр 5 сая ам.долларын санхүүгийн дэмжлэгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д олгодог байна.

Тус сан нь Өмнөговь аймаг болон Ханбогд сумын тогтвортой хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэн ажиллаж буй. “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-гаас өнөөдрийг хүртэл 500 гаруй төсөлд 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 600 орчим шууд ажлын байрыг бий болгосныг тус сангийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат онцоллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-гийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат: Манай сан бол Оюу толгой компани, Өмнөговь аймаг, Ханбогд сумын хамтарсан удирдлагатай. Хамтарсан удирдлагаараа орон нутагт тулгамдсан ямар асуудал байна, тэр бүрийг нь сонсож, орон нутгийн санал санаачилгын хүрээнд  төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд явдаг. Хамгийн багадаа гурван сая, ихдээ 10-20 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүдэд санхүүжилт олгоод явж байна. Есөн жилийн хугацаанд 500 гаруй төсөл 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Тухайлбал, Өмнөговь аймагт 1000 гаруй хүүхдийн хүчин чадалтай хоёр том сургууль, хүүхдийн цэцэрлэг зургаа, гурван суманд Хүн эмнэлгийн барилга, шугам хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлсэн байна. 2024 онд гэхэд Даланзадгадад 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн хүчин чадалтай зургаа дахь цэцэрлэгээ ашиглалтад оруулж байна. Нэг хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход 35, ЕБС ашиглалтад ороход 100 хүний шууд ажлын байр нэмэгддэг.

Мөн манай сан Өмнөговь аймгийн Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Ханбогд сумын гэр хороололд цэвэр усны 20 км, бохир усны 18 км шугамыг барьж 1000 (нийт өрхийн 50%) гаруй айл өрх, 60 гаруй албан байгууллагыг шугамд шинээр холболоо. Мөн малчдын бизнесийг дэмжих зорилгоор Монголд анх удаа мал эмнэлгийн цогцолборыг Ханбогд суманд байгуулаад байна.

Бид санхүүгийн хувьд дэмжихээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчдийг амжилттай, тогтвортой бизнесээ авч явах чиглэлд сургалт, чадавхжуулах хөтөлбөрт байнга хамруулж, хамтран ажилладаг. Мөн энэхүү сангийн үйл ажиллагаа өөр аймаг, сумд, уул уурхайн компаниудад сайн жишиг болон хэрэгжээсэй гэдэг үүднээс өөрсдийн туршлага мэдлэгээ бусдадаа хуваалцах, мэдээлэл солилцох ажлыг байнга хийдэг.

Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах ГЭРЭЛТ төсөл

“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутаг болон улсын хэмжээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ удаа өсвөр насныханд зориулсан нөхөн үржихүй болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих  Гэрэлт төслийг онцолж байна. Гэрэлт төслийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн хоёр дүүргийн ЕБС-ийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэхээс өмнө тандалтын судалгаа хийхэд өсвөр насныхан дунд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, дээрэлхэл, амиа хорлолт, хүчирхийлэл өртөх тохиолдол жил ирэх тусам нэмэгдсэн үр дүн гарчээ. Иймээс энэ чиглэлд илүү анхаарч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ЕБС-ийн сонгогдсон 17 сургуульд Гэрэлт төслийг хэрэгжүүлж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх “Ногоон өрөө” байгуулж, мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж эхэлжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Оюу толгой” компанийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ё.Лхамаа: Гэрэлт төсөл нь өсвөр насныханд нөхөн үржихүйн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ өгөхөд чиглэсэн. Гэрэлт төслийнхөө хүрээнд 23 мянга гаруй хүнд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт 562 хүүхдэд мэргэжлийн сэтгэлзүйчид сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан. Ганцаарчилсан сэтгэлзүйн ярилцлагын явцад 13 хүүхэд ойр дотнынхоо хүнд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг олж тогтоон, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

Хэрвээ энэ төслийг хэрэгжүүлээгүй бол тухайн хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгааг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй байсан. Цаана нь асуудлаа бүрэн дүүрэн яриагүй хүүхдүүд олон бий. Сургуулиудад байгуулсан “Ногоон өрөө”-нд  сурагчид их дуртай, өөрт тулгамдсан асуудлаа ярина, заримдаа бүлгээрээ орж ирээд асуудлаа ярилцдаг. Энэхүү төсөл маань олон хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас урт хугацаандаа нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байна.

Оюу толгойн ханган нийлүүлэгч болсон сайн туршлагаа хуваалцав

Оюу толгой компани өнгөрсөн 15 жилд дотоодын ханган нийлүүлэгч компаниудаас 30 орчим их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан байна. 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд нийт худалдан авалтын 90 гаруй хувийг дотоодын компаниудад зарцуулсан байна.

 2009 оноос хойш Оюу толгойн ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа Хасут бат компани өөрсдийн сайн туршлагаа хуваалцсан.

Хасут Бат ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганбат нь Өмнөговь аймгийн уугуул иргэн бөгөөд 1995 оноос арьсан эдлэлээр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг байжээ. 2009 онд Оюу толгой төсөл эхэлж байхад нь жижиг ханган нийлүүлэгчээр бүртгүүлж,  гагнуурын өвдгөгч, ширэн уут зэрэг бүтээгдэхүүний цөөн тооны захиалга авдаг болжээ. Тухайн үед  “Оюу толгой” ХХК Бизнес хөгжлийн төвөөрөө дамжуулан хувиар хөдөлмөр эрхлэгчдийг сургаж, бойжуулсан нь маш том дэмжлэг болсныг Б.Ганбат онцолж байв. Нэг хүний гар урлалаа өргөжүүлж, гурван хүнтэй арьсан эдлэлийн цех байгуулан 2013 он хүртэл Оюу толгойд бүтээгдэхүүн нийлүүлжээ. Ингээд 2014 оноос 20 гаруй хүнтэй компани байгуулж, Оюу толгойн дотоодын ханган нийлүүлэлтийн тендерт оролцох шалгуурыг хангадаг болсон байна. Өнөөдөр  Хасут Бат компани хоёр туслан гүйцэтгэгч цехтэй, 80 гаруй ажилтантай том компани болон өргөжсөн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хасут Бат ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганбат: Манайх “Оюу толгой” компанид гагнуурын өвдгөгч, батерайны уут, гүний уурхайн ажилчдын хамгаалалтын бүс, анхны тусламжийн цүнх, ажлын арьсан бээлий зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Оюу толгойд 15 жил ханган нийлүүлэлт хийснээрээ бизнесийн ёс зүй, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, чанар стандарт гэдэг зүйлс өдөр бүр суралцаж, үйл ажиллагаагаа сайжруулж ирлээ. Бидний бизнес ч жил ирэх тусам өргөжин тэлж, олон хүнийг ажлын байраар хангадаг болсон.

Жилийн 3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, нийт ажилчдын дундаж цалин хоёр сая төгрөг бөгөөд 90 гаруй хувь нь орон нутгийн иргэд байна. Манай бизнесийн гол зарчим бол үнийг тогтвортой барьж, чанартай бүтээгдэхүүнийг хугацаанд нь хэрэглэгч, захиалагчид хүлээлгэн өгөх. Дэлхийн хэмжээний уурхайд бүтээгдэхүүнээ нийцүүлэхийн тулд хичээж ажилласан, хичээсээр ч байгаа.

Оюу толгойгоос гадна бусад уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Орон нутгийн Тавантолгой, Монросцеветмент, Даланзадгадын тээвэр нэгдэл гэх мэт. Мөн бид Mining Week&MinePro 2024 арга хэмжээнд ирснээрээ өөр дотоодын компаниудтай харилцаа тогтоож, борлуулалтаа тэлэх зорилготой байна.

“Оюу толгой” ХХК-д ханган нийлүүлэгч болох аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөд, эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэ. Захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэх. Хоёрт, ханган нийлүүлэлтийн гэрээний үүргээ сайтар биелүүлэх ёстой. Аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, бизнесийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг байнга судалж байх нь чухал шүү гэж хэлмээр байна гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Mongolian Mining Week&MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт аравдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдөр Оюу толгойн байгаль орчны багаас Монгол орны цөлжилтийн эсрэг судалгааны ажлын үр дүнгийн тоймыг танилцуулж, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран байгаль орчны мониторинг хэрхэн хийдэг сайн туршлага хуваалцан мэдээлэл солилцох аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.